Сахал хочит Д.Эрдэнэбилэг өчигдөр хилээр гаржээ

Сахал хочит Д.Эрдэнэбилэг өчигдөр хилээр гаржээ

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байсан юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч түүний хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүнд  хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Харин хэрэгт шалгагдаж байх хугацаанд Д.Эрдэнэбилэгийн хууч өвчин сэдэрсэн тул гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон аж. Ийнхүү тэрээр өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарч БНСАУ-д эмчилгээ хийлгэхээр явсан гэсэн мэдээлэл байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ