Өнөөдөр /2021.08.11/ хуралдаж буй Засгийн газрын ээлжит хурлаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон хэргийг АТГ-т шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулж АТГ-аас өнгөрөгч Пүрэв гарагт ЗТХЯ болон ИНЕГ-т нэгжлэг орсон байдаг.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар салбарын сайд Л.Халтарт хандан “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байсан билээ.