“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 30-нд товлолоо

“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 30-нд товлолоо

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж тэр ч бүү хэл жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан билээ. Учир нь тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг.

Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдаагүй бөгөөд 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээлж байсан. 2019 оны наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

Нотлох баримтад авагдсанаар нийт 800 орчим иргэнтэй гэрээ хийх замаар залилан мэхэлж хохироосон нь тогтоогдсон гэж цагдаагийн газраас мэдэгдсэн билээ. 

Тэгвэл Баянзүрх дүүргийн Прокурорын газраас

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар уг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан.

Уг хэргийн  07 дугаар сарын 23-ны өдөр дахин хүлээн авсан бөгөөд өнөөдөр /2021-08-09/ урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж яллагдагч нарийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн /2021.08.30/ 09:30 цагт хийхээр товлон зарласан байна.

Шүүгдэгч Д.Гүрсоронзод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурал болох хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Батбаяр, Д.Одгэрэл нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. 




Өнөөдөр могой өдөр

46 минутын өмнө