Энэ өдрүүдэд иргэдийн амралт зугаалга үргэлжилж байна. Харин энэ үеэр зарим хүмүүс “хийлдэг завь гэх гудас, автомашины дугуйны дотуур хаймар”-ыг ашигласан усны мандалд хөвж байгаад салхинд туугдан алга болсон тохиолдолд цөөнгүй гарч байгаа юм.
Тухайлбал, өчигдөр автомашины дугуйны дотуур хаймарыг хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан алга болсон хэрэг гарсан байна.
Энэ талаар ОБЕГ-ын албан ёсны мэдээлэлд, “Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/Гүрмийн нуур-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын харьяат иргэн Б/40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 08.08-ны өдөр 15 метрийн тойрогт 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Бороо орсны улмаас эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн” гэжээ.