"Зэвсэгт хүчний 065" дугаар ангийн барилгын дээврээс хоёр хүн унаж бэртсэн тухай мэдээлэл тарсан. Тодруулбал, "Зэвсэгт хүчний 017" дугаар ангийн дэд ахлагч 22 настай М болон жирийн иргэн нар тус ангийн барилгын дээвэр дээр ажиллаж байх үедээ унаж, дэд ахлагч М ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл, дэд ахлагчийн ар гэрийн төлөөллөөс нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.
Тодруулбал, дэд ахлагч М-ийн төрсөн эгч "Биеийн байдал нь тодорхойгүй, унтуулгатай байна. 22-хон настай дүү маань одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Дунд чөмөг нь хугарсан, толгойдоо маш хүнд бэртэл авсан. Салбарын дарга болон талбайн инженер хоёр нь ирж уулзсан.
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дээврийг яаралтай дуусгах ёстой гээд шөнийн 23 цагт ажиллаж байсан юм байна лээ. Байнгын өдөр шөнөгүй, амралтгүй ажилладаг төрийн албан хаагч. Хөдөлмөр хамгааллын ямар ч хувцасгүй байсан. Хамгаалах малгай, бэхэлгээ гээд ямар ч хамгаалалтын хувцасгүй байсан. Манай дүү ч гэлтгүй ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалах хэрэгсэлгүй байсан юм билээ. Талбайн инженерийх нь нөхөр хамт гэмтсэн. Бие нь гайгүй.Цэргийн ангиас одоохондоо эмчилгээний зардал ч гэдэг юм уу энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна" гэжээ.