ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдсан.
Сөүл хотод энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт болсон хэлэлцээрт Монголын талаас ЗТХЯ-ны гурван хүн, ИНЕГ-аас гурван хүн, МИАТ-ийн хоёр хүн, хэвшлийн “Изинис Эйрвэйз” ХХК-иас Д.Оюундэлгэр, “Изинис Карго” ХХК-иас Ч.Хоролсүрэн нийт 10 хүн оролцсон гэж эх сурвалж мэдээлж буй.
Харин бусад хувийн хэвшлийн авиа компаниуд “Изинис Эйрвэйз” ХХК-ийн нислэгийн тоог нэмэгдүүлсэн гэх асуудалд таагүй хандаж хуулийн байгууллагад гомдол гаргасан гэж буй юм.
Тэгвэл өчигдөр /2021.08.05/ Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ болон Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-т АТГ-аас нэгжлэг хийж, Сөүл хотод болсон “агаарын харилцааны хэлэлцээр”-тэй холбоотой бичиг баримтууд болон хэлэлцээрт явсан бүрэлдэхүүн, тушаал шийдвэрийг шалгасан байна. Мөн энэ үеэр зарим компьютер,техник хэрэгслийг нь хураан авч явжээ.
СӨҮЛД БОЛСОН ХЭЛЭЛЦЭЭРТ ЯВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АЛБА ХААГЧИД
- Ч.Мөнхтуяа - Монгол Улсын Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын зохицуулалтын газрын дарга,
- Л.Бямбасүрэн - Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга,
- Д.Бямбасүрэн - Монгол Улсын Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын зохицуулалтын газрын ажилтан,
- Ц.Баасайхүү - Монгол Улсын Зам, тээврийн яамны Хууль эрх зүйн хэлтсийн ажилтан,
- Г.Батбаяр - Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлогын зохицуулалтын газрын дарга,
- Д.Түвшинбаяр - Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын үйлчилгээний гэрээ, гадаад харилцааны хэлтсийн дарга,
- Д.Баттөр- МИАТ – “Монголиан Эйрлайнс” компанийн гүйцэтгэх захирал,
- Т.Мэндсайхан - МИАТ – “Монголиан Эйрлайнс” компанийн Маркетингийн хэлтсийн ахлах менежер,
- Ч.Хоролсүх - EZNIS Airways Cargo компанийн гүйцэтгэх захирал,
- Д.Оюунгэрэл – “EZNIS Airways” компанийн гүйцэтгэх захирал.