Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан гэж Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарт шүүхээс ял оноосон ч, Улсын дээд шүүхээс тэдэнд оноосон хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хэргийг хааж, залуус суллагдсан билээ.
Эдгээр залуус Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хүмүүс гэдэг. Харин тус гэрээнд гарын үсэг зурж, өөрөө баталгаажуулсан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамтаар 2019 оны есдүгээр сард АНУ руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэж ирээгүй юм.
Учир нь тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат Дубайн гэрээний талаар хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан асуудлаар санал хураалт явуулж, олонхоороо асуудлыг шийдвэрлээгүй, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд Засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, хэрэв сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Алх цохино гэдэг маань энэ тухайн асуудлыг дуусгаж дараагийн асуудалд орж байна гэж ойлгож болно” гэж мэдүүлсэн байдаг.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Ч.Сайханбилэг эх орондоо ир. Өөрөө зугтаж, бусдыг шоронд оруулж болохгүй" гэж мэдэгдэж байсан билээ.
Тэрээр энэ тухай мэдэгдэл хийхдээ, “Х.Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Монголд байгаа түүний ойрын эх сурвалж, “Ч.Сайханбилэг эх орондоо буцаж ирэхээр онгоцны билетээ бичүүлсэн байна. Бараг ирэх долоо хоногт Монголд ирчих байх” гэсэн мэдээллийг өглөө.