Өнгөрөгч долдугаар сарын 21-ны шөнө 03:00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд бүлэглэн зодоон болох үеэр автомашинаар бусдыг дайрч гэмтээсэн хэрэг бүртгэгдэж, үйл явдлыг баримтжуулсан бичлэг цахим сүлжээнд тархсан. Тус бичлэг цахим сүлжээнд тархсан цагаас иргэдийн шүүмжлэлийг дагуулж олон нийтийг айдаст автуулж байв. Мөн хэргийн талаарх өөрсдийн сэжиг, таамгыг дэвшүүлж зохион байгуулалттай хэрэг хэмээн шуугиж байсан.
Үйл явдлыг эргэн сануулбал, 2021 оны долдугаар сарын 21-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 52А гэх байрны гадаа бүлэглэн зодооны үеэр 18 настай хохирогч С-г "Harier" маркийн автомашинаар 19 настай Д гэгч мөргөсөн байдаг. Мөн хэрэг үйлдсэн гэх этгээдийг тухайн өдөрт нь баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн.
Тэгвэл яагаад энэ хэрэг үйлдэгдсэн, юу болсон, автомашинд мөргүүлсэн хохирогч С-н биеийн байдал хэр зэрэг байгаа талаар сэжигтэн Д-н аав М.Бас-Эрдэнэтэй холбогдож ярилцлаа.
-МАНАЙ ХҮҮД ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЦАГДАН ХОРЬСОН-
-Хохирогч хүүгийн биеийн байдал хэр байна вэ. Энэ талаар мэдээлэл бий юу?
- Биеийн байдал нь сайжраасай гэж ихэд найдаж байна. Хохирогч хүү маргааш Дорнодод ирж физик эмчилгээ хийлгэх юм. Хагалгаа дуусч хүнд үеэ давсан учир нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн.
-Хэвлэлүүдээр өөрийг тань улс төрийн албан тушаалтан учир хуулийн байгууллагад нөлөөлж хэрэг шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?
-Би аймгийн иргэдийг төлөөлөх үүрэг бүхий 35 төлөөлөгчийн л нэг шүү дээ. Хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Хэвлэлээр яриад, бичээд буй шиг баян, тарган хүн ч би биш. Хэдэн ажилчдаа удирдаад хийдэг ажлаа хийгээд явдаг хүн.
-Хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгч болох уу?
- Ямартай ч манай хүүд хэрэг үүсгэж цагдан хорьсон. Энд тэнд яриад, бичээд байгаа шиг гадуур сул чөлөөтэй яваагүй. Зодоонд оролцсон бусад хүүхдэд ч хэрэг үүсгэсэн. Энэ нь хүний муу үзэж буйдаа биш бүх хүн ижил тэгш хариуцлагаа хүлээж буй асуудал. Яагаад 20 гаруй хүүхэд бүлэглэн зодоон хийсэн байхад цөөн хэдэд нь хэрэг үүсгэж байгааг бас гайхаж л байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1 гэсэн заалтын дагуу уг хэргийг шалгаж байна. Хамгийн гол нь нийгмийн уур амьсгал хүүг минь “Хэргээ хүлээ” гэж яллаж байна шүү дээ. Энэ утгаар л хорихгүй, цагдахгүй бол болохгүй гэсэн хардлагад өртөж цагдан хорьсон байх. Яг үнэнийг хэлэхэд цагдаа, шүүхийн байгууллага цахим сүлжээнд л ажлаа хийдэг болж.
-Эмэгтэй хүүхдээс болж маргалдаж, зодоон хийсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Энэ үнэн үү. Таны хүү болон хохирогч дээрх охинтой найзууд, хувийн харилцаатай байсан гэх мэдээлэл ч явах боллоо?
Би өөрөө үйл явдлын үед байгаагүй тул тодорхой мэдээлэлгүй байна. Зодоон хийсэн хүүхдүүд “Тэр охин “Хэнийг хашраагаад өг’’ гэж хэлж захиалж зодуулсан” гэж л ярьсан. Ямартай ч хамгийн эхэнд зодоон эхлүүлсэн, толгойлсон тав, зургаан хүүхэд ‘’Манай найзыг гомдоосон’’ гэж цагдаад мэдүүлсэн гэнэ лээ. Тэр охин хүүтэй минь холбоотой байх. Хүү минь өмөөрөөд байгааг бодоход тус охиныг найзуудынх нь нэг гэж ойлгосон.
-Согтуурсан үедээ автомашин жолоодсон гэсэн мэдээлэл бий. Энэ талаар дүгнэлт гарсан уу?
-Манай хүү тухайн үед эрүүл байсан. Манай хүүг болон зодоон эхлүүлсэн хүүхдүүдийг маргааш нь цагдаагаас шалгахад согтолтын зэрэг гараагүй.
-Таны хүү хохирогчийг таньдаг байсан уу?
-Огт танихгүй. Яг үнэнийг хэлэхэд тэр хүү хэрэг гардаг шөнө олон дунд гүйж яваад мөргүүлсэн байна лээ. Тодруулбал, хориод хүүхэд зодоон хийх үед дунд нь гүйж явсан. Анх зодоон эхлүүлсэн, толгойлсон хүүхдүүд дунд ч хохирогч байгаагүй гэсэн. Олон хүүхдийн дунд гүйж яваад л өртчихөж дээ. Хэрэг гарсны дараа сүүлд л хүү маань хохирогчийг таньдаг болсон.
-ХОХИРОГЧ ХҮҮ ОЛНЫ ДУНД ГҮЙЖ ЯВААД МӨРГҮҮЛСЭН БАЙНА ЛЭЭ-
-Та хохирогчийн ар гэртэй уулзсан уу?
-Байнгын цуг байна. Өдөр бүр л гэрт нь очиж уулзалддаг. Эмнэлэгт анх хагалгаанд орсноос эхлээд бүгд хамт байна.
-Зөвхөн автомашинаар дайрснаас гадна бүлэглэн зодоон хийсэн хэрэг давхар яригдах учир бүх хэргийг шийдүүлэх бодолтой байна уу?
-Тийм. Бүгдийг нь шийдээсэй гэж бодож байна. Бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаагүй, улс төржилт ороогүй байх үед зодооны хэргийг сөхөж гомдол гаргахгүй байя гэж бодож байсан. Харин ганцхан миний хүүг өндөр ялаар зүйлчлээд, нийгмийн сүлжээгээр яллаж буй учир гомдол гаргахаар болсон. Мөн санаатайгаар хүн дайрсан гэж гүтгэсэн нь харамсалтай. Санамсаргүй гэдэг үгийг хэлбэл хүүгээ өмөөрлөө гэх байх.
Манай хүүхэд тэр хүүг танихгүй. Мөн манай хүүг өдөж, зодоонд уриалаагүй. Тийм байхад нь санаатайгаар дайрах ямар шалтгаан байна гэж. Олны дунд явж байхад нь л мөргөсөн байна лээ. Харин манай хүүхдийн хувьд зодуулсан найзуудыгаа авч зугатаах гэж машинтайгаа ирээд ийм харамсалтай хэрэгт холбогджээ. Нэг нь эрүүл мэндээрээ, нөгөө нь эрх чөлөөгөөрөө хохирсон хэрэг л боллоо. Аль, аль нь биенээ танихгүй мөн хэн хэн нь зодоонд оролцоогүй байгаа юм.
-Цагдаагаас ослын газарт шалгалт хийгээд ямар дүгнэлт гарсан бэ?
-Цагдаа ч, бид ч тэр сайн анхаараагүй юм. Хүү маань тэр шөнө ‘’Аав аа би хүн мөргөчихлөө’’ л гэж хэлсэн. Тэгээд би ‘’хүн нь гайгүй юу’’ гэхэд ‘’гайгүй байх аа’’ л гэсэн. Ноцтой зүйл болоогүй гэж ойлгоод ослын газарт хэмжилт хийхэд нь байгаагүй. Анхаарал хандуулаагүй. Маргааш нь цагдаа дээр очиж мөрдөгчтэй уулзахад “Гайгүй ээ” гэж хэлсэн. Харин эмнэлэгт очиход “Хүнд гэмтэл авсан байна. Хот руу явна” гэж хэлсэн.
-Хотод хэзээнээс эмчилгээ хийгдсэн бэ?
-Осол болсны өглөө нь намайг эмнэлэгт очиход хохирогчийн ээж байсан. Ингээд бид цуг хүлээж байгаад өдөр 14.00 цагийн үед эмчтэй нь уулзахад “Хотод хагалгаа хийлгэх шаардлагатай. Биеийн байдал хүнд” гэж хэлсэн.
-Хохирогчийг суумгай болно гэсэн яриа байна. Энэ талаар бодит мэдээллийг өгнө үү?
-Худал байгаасай л гэж найдаж байна. Ямартай ч одоогоор тэргэнцэрт сууж байна. Бид бүгдээрээ нөхөн сэргээх эмчилгээгээ сайн аваад босоод ирээсэй л гэж найдаж байна. Үргэлжлүүлээд Улаанбаатарт эмчлүүлэе гэсэн санал тавьсан ч ээж нь удахгүй төрөх учир Дорнод руугаа түр буцаж ирье, эхний ээлжинд эндээ физик эмчилгээ хийлгэе гэж хэлсэн. Одоогоор гадаад руу хагалгаанд явна гэж яригдаагүй байна. Хоёр удаа нугасны хагалгаанд орсон. Шаардлагатай бол хотод хувийн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэе ч гэж ярьсан. Харин ар гэр нь нутагтаа ирэх хүсэлтэй байгаа учир маргааш Дорноддоо ирнэ гэсэн.
-Хэрэг гарах үйл явдлыг баримтжуулсан бичлэг хийсэн хүнийг олсон уу. Гэмт үйлдлийг мэдсээр байж таслан зогсоогоогүй гэх үндэслээр хуулийн байгууллагаас шалгах уу?
-Бичлэг хийсэн хүнийг олсон. Хуулийн дагуу зохих шийтгэлээ авах ёстой байх. Хүүхдүүдийн зодоон 20-30 минут үргэлжилсэн байсан. Бичлэг хийсэн хүн ганцхан удаа цагдаа дуудаад өгсөн бол...
Эсвэл хэн нэгэн “Хүүе, хаая” гэхэд өсвөр насны хүүхдүүд сонсоно шүү дээ. Шударга шүүх бий бол бүгд л хэргээ шийдвэрлүүлэх байх. Хоёр гуравхан хүүхдийг арав, хориулаа нийлж зодож байхад цагдаа дуудаагүй бичлэг хийсэн нь үнэхээр хүн чанаргүй үйлдэл байлаа.
Ямар ч тохиолдолд гэмтээсэн хүн нь манай хүүхэд учир бүх хариуцлагыг хүлээнэ. Хүмүүс минь үүнд битгий санаа зов. Ямар нэгэн байдлаар би хүүхдээ хэргээс салгахгүй. Мөн зодоон хийж нэгнийгээ хохироосон хүүхдүүд ч шүүхээс зохих шийтгэлээ аваасай л гэж хүсэж байна. Бодит байдлыг цахим орчинд тархсан бичлэгийн нэг л өнцгөөр хүлээж авахаа болиосой. Үйл явдлыг харсан гэрчүүд олон. Тэд үйл явдлыг гэрчлэх гэхэд нийгэм нэг хүнийг нийтээрээ ялласан учир үнэн бодит мэдээллийг өгөхөөсөө айж байна гэж хэлсэн. Зарим нь дайралтанд өртөж маш их хараалгасан учир бодит байдлыг ярих гэснээ больсон. Тиймээс ядаж гэрчүүдээс бодит мэдээлэл авахад тэднийг хараахгүй байхыг хүсье.
Бичлэг үзэх: