Монгол Улсын Үндсэн хуульд, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.
Тодруулбал, манай улсын нийт хүн амын 84,5 хувийг Халх үндэстэн эзэлдэг бол үүний дараагаар Казах үндэстэн 3,9 хувийг эзэлдэг байна. Тэгвэл Монгол улсын баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт өдгөө 110 мянга гаруй иргэн аж төрөн амьдарч байгаагаас Казах үндэстэн 75,5 хувийг эзэлдэг байна.
-ХАЛХ ИРГЭДИЙГ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛД АВАХГҮЙ “ЦЭРГИЙН АНГИДАА ОЧИЖ АЖИЛЛА” ГЭДЭГ ҮҮ-
Мөн тус бүс нутаг Казахстантай хил залгаа бөгөөд тус улсын иргэд Баян-Өлгий аймагт түр оршин суух тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь тус улсын соёл болоод ёс заншил, бодлого Казах үндэстэнд бага багаар уусаж орж ирэх хандлагатай тул Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үед Баян-Өлгийн аймгийн төрийн албан тушаалтнуудаар Халх хүн томилж, барилгын цэргийн анги байгуулж, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээний бодлогыг явуулж байсан гэдэг. Тэгвэл тус бодлого Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеэс тасарч байж болзошгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт байх төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болох цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын газар зэрэгт одоо ажиллаж байгаа Халх иргэдийг ажлаас нь чөлөөлж, тэдний оронд Казах иргэдийг томилох тухай яригдаж эхэлсэн байна.
Мөн тус аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын ихэнхийг нь Казах иргэд эзэлдэг бөгөөд төрийн албаны шалгалтад тэнцэж, шаардлага хангасан Халх иргэдийг ажилд авдаггүй. Цаашлаад тэдэнд “цэргийн ангидаа очиж ажилла” гэж хэлдэг талаар ч эх сурвалжууд мэдээлдэг.
Гэтэл БНХАУ-ын иргэдийг 56 үндэстэнд хувааж ангилдаг ба үндсэн хүн амынхан унаган, тариачин уламжлалтай хятад үндэстэн 91,5 хувийг бүрдүүлдэг бол үүний дараагаас 8,5 хувь буюу 16,9 сая хүн нь Жуан үндэстэн эзэлдэг байна. Гэхдээ БНХАУ-ын хувьд өөрсдийн улсынхаа хилийн орчимд тус үндэстнийг суурьшуулдаггүй ба дан цэвэр Хятад үндэстнийг хилийн зах орчмоор суурьшуулах бодлого явуулдаг гэдэг.
-БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР КАЗАХ ХҮНИЙГ САЯХАН ТОМИЛЖЭЭ-
Тэгвэл, Төрийн тусгай чиг үүргийн байгууллага болох Баян-Өлгийн аймгийн Цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Б.Наранбаатар ажиллаж байсан бол, түүнийг саяхан чөлөөлж Т гэх Казах иргэнийг томилсон байна. Т нь цагдаагийн албанд ахлах мөрдөгч хийж байсан бөгөөд ямар нэг хэлтэс, тасгийн дарга хийж үзээгүй байж болзошгүй байгаа юм. Цаашлаад тус аймгийн ОБЕГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын дарга, Гадаадын иргэн харьяат зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагуудыг чөлөөлж, тэдний оронд Казах хүн томилох тухай ч яригдаж эхэлсэн байна.
Тус төрийн албаны томилгоонд 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий парламентын гишүүний оролцоо, нөлөөлөл өндөр байгаа аж.
Иймд тус аймгийн төрийн тусгай чиг үүргийн удирдах алба тушаалтнууд Казах иргэдээр солигдвол цаашид Халх хүмүүсийг ажилд авахгүй байх, улмаар ялгаварлан гадуурхал гаарч болзошгүйг сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэйг зарим эх сурвалжууд сануулж байгаа юм.