Э.Одбаяр: “No naadam” жагсаалыг харлуулж иргэдийн сэтгэл зүйг бэлдэж байгаад, эвгүй зүйлд бэлдэж байж болзошгүй

Э.Одбаяр: “No naadam” жагсаалыг харлуулж иргэдийн сэтгэл зүйг бэлдэж байгаад, эвгүй зүйлд бэлдэж байж болзошгүй

Манай улсад коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байгаа тул зарим залуус долдугаар сарын эхээр “no naadam” гэх лоозонтой жагсаалыг зохион байгуулсан.

Харин өнөөдөр /2021.08.03/ нэр бүхий хэвлэлд “no naadam жагсаалыг зохион байгуулсан зарим хүнийг гадны тусгай албадаас санхүүжүүлсэн нь нотлогдож, улмаар зарим зохион байгуулагчийг Тагнуулын байгууллагаас баривчлан саатуулжээ” гэж мэдээлсэн. Иймд бид тус жагсаалд оролцсон Э.Одбаяраас дараах тодруулгыг авлаа.

Э.Одбаяр

-No naadam жагсаалыг гадны тусгай албадаас санхүүжүүлсэн нь нотлогдож, зарим иргэдийг Тагнуулын байгууллагаас баривчилсан гэх мэдээлэл яваад байна?

-Гараад байгаа мэдээлэлтэй холбогдуулж намайг шалгасан зүйл байхгүй. Харин зургадугаар сарын 25-наас эхлээд надад шууд бусаар элдэв янзын дарамт ирж байгаа. Би дөнгөж сая твиттерээс дээрх мэдээллийг авлаа. Zarig.mn гэдэг сайт ийм мэдээлэл оруулсан юм байна.

Zarig.mn зүгээр ч нэг бор шувуу нисгэхгүй. Энэ бол “no naadam” жагсаалын талаар харлуулж иргэдийн сэтгэл зүйг бэлдэж байгаад эвгүй зүйл хийх гэж байж болзошгүй.

“No naadam” жагсаал бол Монголд сүүлийн 30 жилд болоогүй иргэд, залуусын цэвэр итгэл үнэмшлээрээ аяндаа үүссэн органик жагсаал болсон. Энэ жагсаалд ямар ч удирдагч байгаагүй. Залуус наадмыг эсэргүүцээгүй, харин УОК, Засгийн газар оновчгүй шийдвэрүүдийг эсэргүүцсэн жагссан юм.

Жагсаалын үеэр гарч ирсэн шар даавуу

-No naadam жагсаалын үеэр урт шар даавуу гарч ирсэн шүү дээ?

-Шар давуу бол, 2020 оны долдугаар сарын 1 -нд гадаадад гацсан монголчуудын ар гэрийнхэн эрх баригчдад шаардлага хүргүүлж, жагсаж байхдаа гарын үсэг зурж байсан шар даавуу. Тэр шар даавууг жилийн дараа мөн л иргэдийг үзэл бодлоо илэрхийлж гарын үсэг зуруулахын тулд дахин дэлгэсэн юм. Гадаадын санхүүжилт гэж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг харлуулахаа болих хэрэгтэй. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдахаа боль гэж хэлмээр байна. Учир нь иргэд залуучууд өөрсдийн цэвэр итгэл үнэмшлээр #nonaadam жагсаалд нэгдсэн.

Эрх баригчдын зүгээс асуудалд ингэж хандах юм бол “no naadam”-аас 10 дахин том жагсаал болж магадгүй.

Ер нь бол дарангуйлал тогтсон улс орнуудад эсрэг дуугарсан хүмүүсийг ямар нэг зохиомол хэрэгтэй холбогдуулж дууг нь хорьдог. Жишээ нь 1937 онд хэлмэгдүүлэлтийг дурдаж болно. Маш олон Монголчуудыг Лхүмбийн хэрэг, Японы тагнуул гэдэг хэргээр амь насанд нь халдаж, хэлмэгдүүлсэн. Яг энэ арга хэлбэрийг эрх баригчид хэрэглэх гэж байна.

-Саяхан Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж таныг баривчилсан?

"No naadam” жагсаалын талаар харлуулж иргэдийн сэтгэл зүйг бэлдэж байгаад эвгүй зүйлүүд хийх гэж байж болзошгүй гэж би хэлсэн. Үүний нэг нь мэдээж миний дууг хорих гэж би хардаж байна. Цагдаагийн байгууллагад реформ хийх цаг болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Дарга нар хүн шиг цалин хөлс авдаг, хүнлэг цагдаатай болохын төлөө ажиллахын оронд иргэдийнхээ эсрэг ийм "тагнуултай" зохиолын жүжиг дэгдэх хэрэггүй. Эцэст нь хэлэхэд #NoNaadam хөдөлгөөн цаашид үргэлжилнэ!

-Тодруулга өгсөнд баярлалаа.