Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт мотоциклын ослын улмаас хүний амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг цөөнгүй гарч байна.
Өнгөрсөн оны долдугаар сарын 17-ны өдөр иргэн Ц өөрийн эзэмшлийн ….УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явах үед ардаа ганзагалан авч явсан савтай бензин асгарч гал гарчээ. Улмаар мотоциклд түүнтэй хамт сууж явсан эхнэр болох С түлэгдэж, эмчилгээ хийлгэсэн ч ойролцоогоор сарын дараа буюу наймдугаар сарын 20-ны өдөр амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.
Осол болсон өдөр талийгаач С хүүхдүүд рүүгээ залгаж “Бид хоёр Хошуут гэх газар луу өгсөж явтал гэнэт мотоцикл шатаад түлэгдлээ. Аав чинь зүгээр, би түлэгдлээ. Эмнэлгийн машин дуудчихсан” гэжээ. Тухайн үед сумын эмч үзэхэд талийгаач хоёр бүдүүн гуянаас доош хөлийн өсгий хүртэл түлэгдсэн байдалтай байжээ. Эмч 3 дугаар зэргийн түлэгдэлт гэж үзэн яаралтай аймаг руу явахыг зөвлөсөн аж. Үүний дараа талийгаачийн нөхөр болох Ц хүүхдүүд рүүгээ залган “эмч нар наалдсан зүйлийг нь аваад боолт хийж байна, оройхон тийшээ эмнэлгийн машинтай аймаг руу оруулна” гэсэн байна.
Удалгүй талийгаач Улаанбаатар хот руу онгоцоор ирж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад наймдугаар сарын 20-ны өдөр нас баржээ.
-“БЕНЗИНИЙГ ЗОРИУЛАЛТЫН ТӨМӨР САВАНД ХИЙЖ ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРДӨГ. ГЭВЧ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ХҮМҮҮҮС ХУВАНЦАР САВААР АВДАГ. ӨГӨХГҮЙ ГЭХЭЭР ДАЙРЧ, ДОРОМЖИЛДОГ” ГЭЖЭЭ-
Тухайн үед иргэн Ц-д бензин худалдсан колонкийн түгээгч мэдүүлэг өгөхдөө “Ц тухайн үед өөрийн мотоциклд бензин хийлгэсэн бөгөөд мөн 10 литрийн орчим хэмжээтэй байх хуванцар саванд бензин хийлгэж авсан. “Би яндангүй талд нь ганзагалж яваарай, савны таглааг сайн таглаарай” гэж Ц болон түүний эхнэрт хэлчхээд тооцоогоо хийж, баримт бичихээр дотогшоо орсон. НӨАТ-ын баримт хэвлээд гараад ирэхэд Ц болон түүний эхнэр нар явчихсан байсан. Би тухайн савтай бензинийг яг хаана нь хэрхэн ганзагалсныг хараагүй, түрүүлээд ажлын байр луу орчхоод гараад ирэхэд явчихсан байсан. Уг савыг Ц нь ганзагалах гэж байсан юм. Хуванцар материалаар хийсэн 10 литр орчим хэмжээтэй саванд авсан, уг сав хоёр давхар таглаатай байсан. Би тухайн савны өнгийг мэдэхгүй байна, хуучин сав байсан. Бинзенийг зориулалтын төмөр саванд хийж өгөхийг зөвшөөрдөг, хөдөө орон нутгийн хүмүүс хуванцар саваар авдаг, би өгөхгүй гэхээр дайрч доромжилдог, хэрүүл маргаан үүсгэдэг, хөдөө орон нутгийн хүмүүс нүүдэл суудлын үеэр саванд бензин заавал авдаг” гэжээ.
Увс аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр уг хэргийг “өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой буюу ердийн өдөр тутмын амьдралын туршлагын явцад хүн болгоны тооцоолж, мэдэх боломжтой /бензин нь халуун орчин уурших, дэлбэрч, тэсрэх, мотоциклын халсан яндангийн дээр зориулалтын биш хуванцар савтай бензин байрлуулан авч явахад сав хайлах, үүний улмаас бензин асгарч гал гарах аюултай гэдгийг/ байхад анхаарал болгоомжтой байгаагүй, хэт хайхрамжгүй хандсаны улмаас тухайн осол гарч хүний амь нас хохирсон” гэж дүгнэжээ.
Улмаар шүүгдэгч Ц-ийн болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогч нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр нь байсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй, мөн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар мотоциклтой 4,925 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний улмаас 2,132 хүн гэмтэж, 698 хүний амь хохирчээ. Өнгөрсөн 2020 онд гэхэд л энэ төрлийн 479 осол, хэрэг бүртгэгдэж, 74 хүний амь хохирсон ба нийт ослын 80.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар мотоциклтой 92 осол, хэрэг бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүний амь хохирчээ.