Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, гавтай байхад нь зодсон үйлдлийг харуулсан бичлэг уржигдар /2021-07-29/ цахим орчинд тархсан.
Тус хэрэг нь 2019 оны зургадугаар сард үйлдэгдсэн болохыг өчигдөр /2021-07-30/ ЦЕГ-аас хэвлэл болон олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн юм. Мөн тухайн хэргийг үйлдсэн алба хаагчдыг ажлаас нь халсан , мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэсэн тайлбар өгсөн.
-АЛБАН ХААГЧДАА ХАМГААЛАХЫН ТУЛД ХОХИРСОН ИРГЭДИЙН ӨНГӨРСӨНГ ШҮҮЖ ГАРГАДАГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА-
Өнгөрсөн 2020 оны 11-р сард хөл хорионы дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр ХУД-ийн нутаг дэвсгэрт автомашинтайгаа зорчиж явсан иргэн Ц-г цагдаагийн алба хаагчид шаардлага тавьж байна хэмээн газар хэвтүүлж өвдөглөн, хүч хэрэглэсэн байдаг.
Тухайн үед ЦЕГ-аас хэрэг явдлын талаар мэдээлэл хийхдээ иргэн Ц-г урд нь танхайрах зэрэг нийт 37 удаагийн зөрчил гаргаж арга хэмжээ тооцуулж байсан гэж мэдэгдсэн. Үүнд ч иргэд ихээхэн бухимдаж, цагдаагийн байгууллага алба хаагчийнхаа ёс зүйн зөрчлийг хаацайлахын тулд иргэний хувийн мэдээллийг ашиглаж, олон нийтэд гэм буруутан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээлэл өгч буйг шүүмжилсэн.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд иргэдийн бухимдал ихсэх тусам цагдаагийн албан хаагчдад зодуулсан гэх залуусын бичлэгийг ч дээрх шалтгаан шиг тайлбарлахыг үгүйсгэхгүй.
Үйл явдлыг эргэн сануулбал 2019 оны хоёрдугаар сарын 25-нд ЧД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн бар цэнгээний газарт хоёр иргэн ‘’тооцоогоо хийхгүй байна’’ гэсэн дуудлагын дагуу ойр явж байсан эргүүлийн цагдаа нар очиж шалгаснаар энэхүү хэрэг гарсан гэж ЦЕГ-аас мэдэгдсэн.
-ЦАГДААД ЗОДУУЛСАН ГЭХ ЗАЛУУС ХЭН БАЙВ-
Тэгвэл бичлэгт буй залуус хэн байв гэдгийг бид тодруулж үзлээ. Хамгийн анх өөрийн цахим хуудастаа тус бичлэгийг байршуулсан иргэн Г.Б нь тайлбартаа гавлуулсан хүнийг өөрийгөө хэмээн дурдсан байв. Мөн хохирогч залуу хэлэхдээ нэг минут үргэлжилсэн бичлэгний дараа эрүүлжүүлэхэд аваачин хоёр цаг гаруй зодож, улмаар хумсны хутгаар биеийг нь гэмтээсэн гэх тайлбарыг өгсөн.
Тэрээр 20 гаруй настай бөгөөд хувцас загварын чиглэлээр ажилладаг нэгэн аж. Мөн өөрийн сонирхлоор дуу зохиодог, хувцасны брэндийн нүүр царайгаар ажилладаг модель юм байна.
Мөн бичлэгийг анх нийтэлсэн хохирогч залуутай холбогдох гэж оролдох зуур гар утас нь өдөржин унтраалттай байв. Утас нь холбогдож эхэлмэгц түүний нийтэлсэн хяналын камерын бичлэгийг, тухайн үйл явдалтай холбоотой бичсэн сэтгэгдлүүдийг цөмийг нь устгасан байсан юм.
Өчигдөр /2021-07-30/ шөнө дөл болтол тусгаар тогтнолын ордонд үргэлжилсэн МАН-ын дотоод хурлын үеэр гишүүд энэхүү бичлэгнээс ч илүү ноцтой зүйлс бий, УИХ-ын гишүүд дотроосоо зориуд нэгнийгээ унагаах зорилгоор тарааж байна гэсэн яриа ч гарчээ. Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй гэдэг шиг, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг илчилсэнийх нь хариуд ахин шахалт дарамт үзүүлсэн байж болзошгүй байна.