Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг

Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.07.29/ цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм.

Харин ЦЕГ-аас дээрх хэрэг явдалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ, “Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан тус үйлдэл нь 2019 оны хоёрдугаар сард болсон хэрэг байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоож байна. Иймд тус алба хаагчдын үүргийг түдгэлзүүлж, шалгаж эхлээд байна” гэсэн утгатай мэдээллийг өглөө. 

Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Цагдаагийн байгууллагад - Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн.  Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” хэмээжээ.

Түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж, зарим иргэд “Х.Нямбаатар надад хамаагүй гээд хэлчихэв үү” гэж хардаж эхлээд байна. Мөн тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга асан С.Баатаржав нарыг одоо хашиж байгаа албан тушаалаас нь эргүүлэн татахыг зарим иргэд шаардаж эхлээд байна.  Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний эрхийн ноцтой зөрчил гарах үеэр хууль зүйн салбарыг удирдаж байсан Ц.Нямдорж, С.Баатаржав нарыг танхимдаа байлгах нь зохимжгүй юм. Иймээс Ерөнхий сайдын эрх үүргийнхээ хүрээнд тус албан тушаалтнуудад хариуцлага тооцох эсэхийг хүлээх үлдээд байна.