ЦЕГ-ын дарга асан С.Баатаржавыг элчин сайдаас ЭРГҮҮЛЭН ТАТАЖ, Ц.Нямдоржийг ОГЦРУУЛЖ чадах уу

ЦЕГ-ын дарга асан С.Баатаржавыг элчин сайдаас ЭРГҮҮЛЭН ТАТАЖ, Ц.Нямдоржийг ОГЦРУУЛЖ чадах уу

Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.07.29/ цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх хэрэг явдалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ, “Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан тус үйлдэл нь 2019 оны хоёрдугаар сард болсон хэрэг байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоож байна. Иймд тус алба хаагчдын үүргийг түдгэлзүүлж, шалгаж эхлээд байна” гэсэн утгатай мэдээллийг өглөө.

Тэгвэл дээрх хэрэг үйлдэгдэх үеэр Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайдаар Ц.Нямдорж, ЦЕГ-ын даргаар С.Баатаржав нарын албан тушаалтнууд ажиллаж байсан.

Харин өдгөө Ц.Нямдорж Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын сайд, С.Баатаржав Монгол Улсаас Унгар улсад суух элчин сайдаар томилогдоод байна. Иймд тухайн үед тус салбарыг удирдаж байсан Ц.Нямдорж, С.Баатаржав нарт хариуцлага тооцох шаардлага үүсэж байна. 

Учир нь иргэд, “хүний эрх чөлөөнд халдсан тус хэргийг хоёр алба хаагчид хариуцлага хүлээлгээд өнгөрөх бус, ХЗДХ-ийн сайд болон ЦЕГ-ын удирдлагууд хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох ёстой” гэж үзэж байгаа юм. Мөн зарим цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдах, тэдэнтэй зүй бусаар харилцаж байгаа зэрэг нь олон нийтийн сүлжээнд баримттай гарах болсон.

Энэ нь тус салбарыг удирдаж байгаа албан тушаалтнуудын хүний эрхийн мэдрэмж, удирдлагын арга барилтай шууд холбоотой гэж үзэх иргэд ч олон байна. 

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний эрхийн ноцтой зөрчил гарах үеэр хууль зүйн салбарыг удирдаж байсан Ц.Нямдорж, С.Баатаржав нарыг танхимдаа байлгах нь зохимжгүй юм. Иймээс Ерөнхий сайдын эрх үүргийнхээ хүрээнд тус албан тушаалтнуудад хариуцлага тооцох эсэхийг хүлээх үлдээд байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө