Төрсөн ахыгаа “Дансан дахь мөнгө чинь хүрэхгүй байна” гэх шалтгаанаар амь насыг нь хөнөөжээ

Төрсөн ахыгаа “Дансан дахь мөнгө чинь хүрэхгүй байна” гэх шалтгаанаар амь насыг нь хөнөөжээ

Энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр /2021.03.18/ Б төрсөн ах Т-тэй цэргийн баяр хамт тэмдэглэх явцдаа “Дансны үлдэгдэл нь хүрэлцэхгүй байна” гэх асуудлаар маргалдаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч саяхан шүүхээр шийдэгдсэн байна.

Тодруулбал, хэрэг гардаг тус өдөр “Цэргийн баяр”-ын өдөр байсан ба амь хохирогч Т-ийн гэрт төрсөн ах дүү хоёр хамт тэмдэглэх явцдаа ах нь дүүгээ дэлгүүр лүү архинд гаргатал буцаж орж ирээд “Дансны үлдэгдэл чинь хүрэлцэхгүй байна” хэмээн хэлснээр муудалцаж, улмаар ахынхаа хэвлийн тус газарт хоёр удаа хутгалж амь насыг хөнөөсөн байна.

ГЭРЧ Г:  “ЧИ НАДАД ЦАГДАА, ТҮРГЭН ДУУДАЖ ӨГ” ГЭСЭН

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгдэгч Б нь “би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Холбогдсон хэргийнхээ гэм буруу дээр маргах зүйл байхгүй”  гэсэн утгатай зүйлийг мэдүүлжээ. Харин хэргийн гэрч байж болзошгүй иргэн Г, “Хэрэг гардаг тус өдөр би өөрийн ажилладаг эмийн сандаа сууж байтал гаднаас дунд эргэм насны ах орж ирээд зандрангуйгаар “Чи надад цагдаа түргэн дуудаж өг” гэхээр нь би “Ямар асуудлаар дуудах юм” гэхэд “Би төрсөн ахыгаа хутгалчихлаа” гэсэн тэгээд би 102, 103 дугаарууд луу залгаж дуудлага өгсөн. Ярингуут гараад явчихсан” гэх утга бүхий зүйл мэдүүлсэн байна.

НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД НАЙМАН ЖИЛИЙН ХОРИГДОХ ЯЛЫГ Б-Д ОНООЖЭЭ

Ингээд Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Иймд ард иргэд архи согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргаан үүсгэхээс сэргийлж, анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.