Л.Энх-Амгалан: Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцалсан

Л.Энх-Амгалан: Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцалсан

Энэ сарын 19-ны өдрөөс хойш Хөгжим бүжгийн коллежийн багш нар Монгол улсын Консерваторийн хашаанд Боловсролын төв барихаар болсныг эсэргүүцэн хөгжимтэй жагсаал зохион байгуулж, Боловсрол  Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандаж газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхонтой өнөөдөр дахин уулзалт хийж, МУК-ын хашаанд барихаар төлөвлөсөн Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалж, МУК-ын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлснийг мэдэгджээ. 

БШУ-ны сайд Л.Энх-амгалан, “Өнөөдөр би БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нарын хамтарсан, сургуулийн хашаанд БҮТ-ийн барилга барихаар хийсэн гэрээг албан ёсоор цуцалж байна.

Мөн Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүд хугацаатай үүрэг өгч байгаа. Шинэ Удирдах зөвлөлийнхөн ямар шалгуур тавьж гүйцэтгэх захирлаа гаргаж ирэхийг өөрсдөө мэднэ. Үүнд яам оролцохгүй” гэсэн юм.