Самарт яваад төөрсөн Т-ын ар гэрийнхэн ЦАГДААД ХАНДЖЭЭ

Самарт яваад төөрсөн Т-ын ар гэрийнхэн ЦАГДААД ХАНДЖЭЭ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр авсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болоод байсан. Харин өчигдөр /2021.07.22/ тэднийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн “Минжийн хангай” гэдэг газар байх самарчдын отгоос эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Тэд 33-58 насны иргэд байсан бөгөөд  58 настай, эрэгтэй Т-ын бие сайгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа юм. 

Тэгвэл Т-ын ар гэрийн зүгээс н.Мөнхсайхан гэх иргэний талаар гомдол гаргаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. 

Түүний охин Т.Хулан, “Тийм хүйтэнд, идэх хоолгүй аав минь яаж зовсон бол гэж бодохоор тайван байж чадахгүй нь. Бид н.Мөнхсайхан гэдэг хүнийг зүгээр өнгөрөөхгүй. Аавыг авахаар ирэхэд нь “За танд цоо эрүүл хүн хүлээлгэж өглөө шүү” гэж хэлэхэд тэр хүн “Их юм нэхэх охин байна даа. Надаас амийг нь нэхэх нь дээ” гэж инээж байсан. Аавынхаа ажилласан хугацааны цалин, эмчилгээний зардал гээд бүгдийг нь авах болно. Мөнгөндөө учир биш хүн чанартаа байгаа юм” гэж мэдэгджээ.