Сураггүй болсон иргэнийг хайлгахаар цагдаад мэдэгдсэн ч хариуцсан алба хаагч "амралтаа аваад явсан" байжээ

Сураггүй болсон иргэнийг хайлгахаар цагдаад мэдэгдсэн ч хариуцсан алба хаагч "амралтаа аваад явсан" байжээ

Өчигдөр /2021.07.22/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орчих “Минжийн даваа” гэх газраас самарт яваад сураггүй алга болоод байсан дөрвөн иргэнийг ЗХЖШ-ын 303 дугаар ангиас онгоц гарган эрэн хайж, эсэн мэнд авчирсан үйл явдал болсон билээ.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан сураггүй алга болоод байсан иргэдийн нэг болох Улаанбаатар хотын харьяат иргэн Д.Төмөртогоогийн ар гэрийнхний зүгээс “Д.Төмөртогоог самранд явсан гэж мэдээгүй, өнгөрсөн гуравдугаар сард зарын дагуу сарын 2 сая төгрөгийн цалинтай жолооч байна гэхээр нь дурлаж Сэлэнгэ аймаг руу явсан” гэх утгатай зүйлийг мэдээлж байсан юм. Мөн Д.Төмөртогоо нь явснаасаа хойш хамгийн сүүлд  гэрийнхэнтэйгээ дөрөвдүгээр сард холбогдож “Уул руу одоо гарах гэж байна. Утсаа хаячихсан болохоор холбоо барьж чадахгүйн. Гурван сар яваад ирнэ” гэж хэлээд тэрнээс хойш огт сураг чимээгүй болохоор нь ар гэрийнхэн нь санаа зовж зургадугаар сарын эхээр цагдаагийн байгууллагад өргөдөл өгч эрэн сурвалжлуулсан байна.

Гэтэл цагдаагийн байгууллага дорвитой үйл ажиллагаа явуулаагүй ба, ар гэрийнхэн нь "цахим орчинд Сэлэнгэ аймагт явсан самарчдыг хайж байна" гэх мэдээллийг хараад “Арай ч биш байх” хэмээн найдаж, Лхагва гараг /2021.07.21/-т өргөдөл өгсөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт очиж хэрэг ямар шатандаа явж байгаа талаар болон Д.Төмөртогоогоос хэл сураг байгаа талаар лавлахад,

“Хариуцсан цагдаа нь амралтаа аваад явчихсан” гэх утгатай зүйлийг хэлсэн байна.

Үүнээс цагдаагийн зарим алба хаагч нар ажилдаа хэрхэн хариуцлагагүй болоод хайхрамжгүй хандаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд алга болсон гэж мэдүүлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн атал хариуцсан цагдаа нь амралтаа авсан гэж мэдүүлж тэр хойгуур эрдэнэт хүний амь нас цаг минутаар хэмжигдэж байгаа гэдгийг хайхрахгүй байгаа нь харамсалтай.

Жишээ дурдахад, Мөн өнгөрсөн тавдугаар сард ажилдаа явахаар гараад сураггүй алга болсон Г.Үүрийнтуяа гэх эмэгтэйг цагдаагийн алба хаагч нар ар гэрийн боломж бололцоо муу гэх шалтгаанаар ар гэрийнхний өргөдлийг хүлээж авалгүй, хэлтэс рүүгээ оруулахгүй байсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэрхүү эмэгтэйгийн ар гэрийнхнээс мөн саяхан тодруулахад “Бид хэл ам гарган байж өргөдлөө өгтөл, “одооноос хайх боломжгүй сарын дараагаас хайна” гэж байсан. Гэтэл дүү минь эцэг эхгүй өнчин болохоор араас нь санаа зовох хүнгүй гэж бодоод хайхгүй байж байгаад хэргийг хаачихвий гэж их санаа зовсон. Одоог болтол цагдаагийн байгууллагаас ямар нэг хэл чимээ огт өгөөгүй. Асуухаар юм хэлэхгүй. Хайж байгаа эсэхэд нь эргэлзэж байна” гэж байсан юм.

Үүнээс харахад цагдаагийн байгууллага ар гэрийн бололцоо тааруу эсвэл олон нийтэд хүрээгүй л бол алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд хайнга ханддаг байж болзошгүй байдал харагдаж байгаа юм.