Самарт яваад сураггүй болсон ДӨРВӨН иргэнийг ЗХЖШ-аас яаралтай үеийн онгоц гарган, хайхаар болжээ

2021-07-21 11:40

ЭХ СУРВАЛЖ: Самарт яваад сураггүй болсон ДӨРВӨН иргэнийг хайхаар шүхэрчид явна

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэх газар руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болоод байна.

Иймд эдгээр иргэдийг эрэн хайхаар өнөөдөр /2021.07.21/ өглөө Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Онцгой байдлын алба хаагчид явсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулахад, “Алга болсон иргэдийг эрэн хайхаар Онцгой байдлын шүхрийн нэг бүлэг авсан явсан гэх мэдээлэл байна. Учир нь нисдэг тэрэг газраас 300 хүртэл метрийн ндөрт хайх боломжтой. Гэхдээ зуны мод ургаж, ногоорсон тул агаарын хайж болох нь хэцүү. Иймд эрэн хайхыг бүлгийг шүхрээр буулгаж хайхаар өөр гарцгүй” гэсэн мэдээллийг өглөө.

2021-07-21 10:58

Самарт яваад сураггүй болсон ДӨРВӨН иргэнийг ЗХЖШ-аас яаралтай үеийн онгоц гарган, хайхаар болжээ

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэх газар руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болж, өнөөг хүртэл олдоогүй байна. Иргэдийн ар гэрийнхэн нь хувийн онгоц түрээслэн таван удаагийн эрэл хайгуул хийсэн боловч сураг гараагүй бөгөөд төрийн байгууллагуудад хандахад нааштай хариу өгөхгүй байгаад ихээхэн бухимдалтай байгаа юм.

Бид хэрэг явдал ямар шатанд яваа болон, самарт явахад гарч болзошгүй эрсдэлийг сэрэмжлүүлэх зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хэргийг тодруулбал, н.Болд гэх хүнээр ахлуулсан 14 иргэн өнгөрсөн гуравдугаар сард самар түүхээр явжээ. Явсан цагаасаа хойш нэг ч иргэн ар гэрийнхэнтэйгээ холбоогүй байсан аж. Харин саяхан буюу долдугаар сарын эхээр сураггүй алга болсон Д.Доржмаагийн эгч рүү н.Болд гэх хүн холбогдож “Самарт явсан хүмүүсийн биеийн байдал тун муу байна. Хоол хүнс тэжээлийн хомстолд орсон байдалтай байгаа. Тэр газар луу машин тэрэг, морь ч явах аргагүй газар тул онгоц нисгэж хайхаар болсон. Яг одоо хотод ир” гэх утгатай зүйлийг хэлж ар гэрийнхнийг цуглуулсан байна.

Мөн н.Болд гэх хүн ар гэрийнхэнд мэдэгдэхдээ “ОХУ-ын хилээс зургаан километрийн наана хоол ундны хомсдолоос болж биеийн байдал хүнд хэд хэдэн хүн бий. Онгоц нисгэж хайхаас өөр ямар ч аргагүй ээ. ОБЕГ-т мэдэгдэж онгоц нисгэнэ” гэжээ.

Гэтэл ОБЕГ болоод холбогдох байгууллагын хүмүүс “Бидэнд онгоц байхгүй, ЗХЖШ-т онгоц байдаг. Нисгэлээ ч нэг цагийн гурван сая төгрөгийн өртөгтэй” гэсэн хариуг өгсөн байна. Ар гэрийнхэн нь арга мухардаж мөнгө нийлүүлэн хувийн нисдэг тэрэг түрээсэлж таван удаагийн нислэг үйлдэхдээ зургаан иргэнийг олж чадсан бол 33-58 насны дөрвөн иргэн сураггүй хэвээр байна. Тус дөрвөн иргэний ар гэрийнхэн нь ОБЕГ-ын гадна бүтэн шөнийн турш хүлээн зогссон бөгөөд ямар ч хариу өгөөгүй байна. Улмаар өнөөдөр /2021.07.21/ ЗХЖШ-аас тусламж хүсжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “ЗХЖШ цэргийн агаарын ангитай хамтран сураггүй алга болсон иргэдийг хайхаар яаралтай үеийн онгоцыг хөөргөхөөр болсон” гэсэн юм.