Баяр наадмын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд автозамын осолд өртөх, усанд осолдох, төөрч алга болох гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирэх нь буурахгүй байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт зугаалж яваад 22 метрийн өндрөөс ус руу унаж, осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 16 /2021.07.16/-ны өдөр зогсоосон байдаг. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газарт 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас нэг хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг энэ сарын 12 /2021.07.12/-ны өдрийн 16:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр /2021.07.16/ 06:00 цагаас мөн өдрийн 16:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 16:00 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байдаг.
Тэгвэл өчигдөр /2021.07.19/ 18:45 цагт “Бага түргэний хүрээ” гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усанд дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс ирүүлсэн байна. Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д /35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна. Иймд мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22:00 цагт хөдөлсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.