ТОДРУУЛГА: Зорчигчийн шатаар “Аэро Монголиа”-ын онгоцны хаалгыг мөргөсөн байна

2021-07-20 17:03

Онгоцны гэмтлээс болж иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд байршуулжээ

Өчигдөр /2021.07.19/ Улаанбаатар-Туркийн чиглэлд ниссэн “Аэро Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-ын Челябинск нисэх буудалд шатахуун аван зогсох явцдаа зорчигчдын буулгах зориулттай шаттай автомашиныг мөргөж тус онгоцны сүүл хэсгийн гэмтлийн улмаас нислэг цуцлагдаад байсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл тус хөлөгт зорчиж явсан 131 иргэнийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай  хамтран зөвшилцсөний үүднээс ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байгаа аж. Одоогоор зорчигчдыг “Аэрмонголиа” компани болон МИАТ компани хамтран Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд Туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгмөгц МИАТ компанийн нисэх онгоцоор зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн тээвэрлэхээр төлөвлөж байгаа гэж ГХЯ-наас мэдэгдлээ. 

2021-07-20 07:39

ТОДРУУЛГА: Зорчигчийн шатаар “Аэро Монголиа”-ын онгоцны хаалгыг мөргөсөн байна

Өчигдөр /2021.07.19/ Улаанбаатар-Туркийн чиглэлд ниссэн “Аэро Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-ын Челябинск-Анталья нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь “зоригчдыг буулгах зориулалттай шаттай автомашин” тус онгоцны сүүлийг мөргөсөн байна.

Тус онгоцонд 140 гаруй зорчигч байсан бөгөөд 10 гаруй цаг саатсан гэх албан бус мэдээлэл байна.

Иймд бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Зорчигчийн шатаар онгоцны хаалгыг мөргөсөн байна. Онгоцыг зорчигчтой сумлахад тавигдах шаардлага нь ямар нэг ослын үед гаргах зориулалтаар ингэж шат оруулж сумладаг журамтай. Ингээд ойртуулж байхдаа онгоцны хаалга мөргөсөн гэх мэдээлэл байна” гэсэн юм.

Хэрэг явдал болсон үеийн гэрэл зураг. 2021.07.19

Сонирхуулахад, “Аэро Монголиа” компани Япон улсын Токио, Осака, Фукуока хотууд руу нисэхээр энэ оны тавдугаар сард Airbus компанийн "A319" маркийн онгоцыг Монголд оруулж ирсэн. Тус онгоц нь 141 хүний суудалтай бөгөөд 871 км/ц хүртэл хурдлах чадвартай хэмээн зарим эх сурвалжууд онцолж байсан билээ. Тэгвэл ОХУ-д зорчигчийн шатанд мөргүүлсэн тус онгоц нь "A319" байж магадгүй байна.