Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцээд, улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулсан.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн билээ.
Иймд прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл гаргасан байдаг.
Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр /2021.07.19/ хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2,5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлууллаа.