Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын ХАМААТНУУД иргэдээ занаж, тагнадаг болсон уу

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын ХАМААТНУУД иргэдээ занаж, тагнадаг болсон уу

Хууль сахиулах байгууллагын гүйцэтгэх ажиллагааг улс төрийн пиардаа ашиглаж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, нэр хүндээ өсгөж байж болзошгүй үйлдлийг зарим улс төрчид гаргах болоод байна. Товчхондоо, олон нийтээс дэмжлэг авахын тулд цагдаа, тагнуул, АТГ зэрэг хуулийн байгууллагыг ашиглаад байна уу гэлтэй.

- ЭМЧ НАРЫГ ЧАГНАЖ, ТАГНАСАН УУ-

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүд боомтод ажиллаад буцсаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж, засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг баривчилж, АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа хаана явагдахыг нь нэр бүхий хэвлэл мэдчихсэн, гүйцэтгэх ажиллагааг нь шууд дамжуулсан. Мөн энэ үеэр Х.Нямбаатар “Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн.Үнэндээ МАН сүүлийн 5 жил засаглаж байгаа тул Х.Нямбаатарын яриад байгаа мафийг нь тус намын гишүүд бүрдүүлж байж магадгүй.  

Мөн баяр наадмын амралтын өмнө /2021.07.09/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“цалингаа нэхэм”-ийг шаардаж Сүхбаатарын талбайд суулт хийсэн эмч нарын төлөөлөлтэй уулзах үеэрээ, “Ерөнхий сайдын хувь нэг номерын мэдээлэлтэй хүн. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байгаа. Туйлын эелдгээр сануулъя” зэргээр сүртэй мэдэгдэл хийсэн.

Товчхондоо, Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн эмч нарыг Ерөнхий сайд зануулж, хуулийн байгууллагаар тагнуулж, чагнуулсан байж болзошгүй байгаа юм.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР НАР ХАМААТНУУД-

МАНАН дэглэмийн эсрэг хэмээж, “шударга тав” гэж Сүхбаатарын талбайд гарч ирсэн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр бүгд төрийн өндөр, дээд албан тушаалд хүрсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Х.Нямбаатар нар ойрын хамаатнууд гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ өвөө Лувсаннамсрайдаа үрчлэгдэж тэднийд өссөн тул өвөөгөөрөө овоглодог байна.

Харин Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэн Хэнтий аймгийн Батноров суман төрсөн бөгөөд түүнийг зургаахан сартай байхад нь Лувсаннамсрай үрчилж авсан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Нямбаатар нь Л.Оюун-Эрдэнэтэй, түүний ээж Л.Даваасүрэнгээр холбогдож, тэд хамаатнууд гэгддэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “Херо энтертаймент”-ийн Б.Баатартай нэг эцгийн хүүхдүүд гэдэг.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЕЭЛ АВИЛГЫН ЭСРЭГ КОМИССЫГ АХАЛНА-

Өдгөө Л.Оюун-Эрдэнэ зарим хуулийн байгууллагын удирдлагуудыг томилсон байх талтай байгаа юм. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлдөг. Харин Цагдаагийн төв байгууллага /ЦЕГ/-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг.

Мөн дээрх хуулийн байгууллагуудад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын тойрог болох Хэнтий аймгийн гаралтай зарим хүмүүс албан тушаалд томилогдсон гэгдэж буй юм.

Мөн баяр наадмын амралтын үеэр /2021.07.16/ “Авлигын эсрэг комисс” байгуулж ажлын хэсгийн даргаар нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Монголын хуулийн салбарыг толгойлж, “Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байгаа” зэргээр сүржин мэдэгдэж буй юм. Харин иргэд тэднээс айж, эмээх нь юу л бол. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар бол иргэдийг төлөөлж улсыг хэсэг хугацаанд удирдаж байгаа энэ улсын иргэд. Тодруулбал, Үндсэн хуулийн 3.1 -д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.