Хийлдэг гудастай усны мандалд зугаалж байгаад салхинд туугдан алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Хийлдэг гудастай усны мандалд зугаалж байгаад салхинд туугдан алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Энэ өдрүүдэд иргэдийн амралт зугаалга үргэлжилж байна. Харин энэ үеэр зарим хүмүүс “хийлдэг завь гэх гудас”-ыг ашигласан усны мандалд хөвж байгаад салхинд туугдан алга болсон тохиолдолд цөөнгүй гарч байгаа юм.

Иймд зарим эх сурвалжууд тус хийлдэг гудасыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2021.07.17/ хийлдэг гудас дээр хөвж байгаад, салхинд туугдан алга болсон хэрэг гаргасан байна.

Тодруулбал, Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Шаргын нуур” гэдэг газарт “Шарга” нуурын эрэг дээр 12 хүн зугаалж байснаас 1 хүн нь хийлдэг гудастай усны мандалд зугаалж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг өчигдөр /2021.07.17/ 18:35 цагт ОБЕГ хүлээн авсан.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 145 км зам туулан 21:40 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Н /20 настай, эмэгтэй/ хийлдэг гудастай усны мандалд зугаалж байгаад салхинд туугдан эргээс 300 метр холдсон байсныг тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, 21:15 цагт хийлдэг гудас ашиглан нуурын усанд сэлж эсэн мэнд гаргасан байсан тул тухайн газраас 22:20 цагт  бүлэг буцсан байна.