Баяр наадмын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд автозамын осолд өртөх, усанд осолдох, төөрч алга болох гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирэх нь буурахгүй байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт зугаалж яваад 22 метрийн өндрөөс ус руу унаж, осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2021.07.16/ зогсоосон.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газарт 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас нэг хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг энэ сарын 12 /2021.07.12/-ны өдрийн 16:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр /2021.07.16/ 06:00 цагаас мөн өдрийн 16:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 16:00 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.