Баяр наадмын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд автозамын осолд өртөх, усанд осолдох, төөрч алга болох гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирэх нь буурахгүй байна.
Тэгвэл өчигдөр /2021.07.16/ Дорнод аймгийн нутагт тоглож байсан 3 настай охин сураггүй алга болоод ОХУ-ын хилийн зурвас орчмоос олдсон байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газарт 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим зугаалж байснаас өчигдөр /2021.07.16/ өдрийн 11:00 цагийн орчим Э /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Ингээд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас Э /3 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулжээ.
Гэтэл мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгсөн байна. Иймд мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.