Баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд ус, зам тээврийн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох тохиолдол жил бүр гардаг. Мөн эдгээртэй зэрэгцэн архидан согтуурч маргалдах, хоорондоо барилдаж бэртэж гэмтэх, эрүүл мэндээ алдах ч тохиолдол цөөнгүй гардаг байна.
Тухайлбал, өнгөрөгч 2020 оны Улсын баяр наадмын амралтын үеэр 38 настай иргэн А, насанд хүрээгүй 17 настай Б-тэй барилдаж улмаар дээрээс нь дарж унаснаар Б-гийн элэг бяцарч, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж саяхан анхан шатны шүүхээр энэхүү хэрэг шийдэгдсэн байна.
Иймд бид баяр наадмын энэ өдрүүдэд иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
-Б-ЫН ЭЛЭГНИЙ 70-80 ХУВЬ БЯЦАРСАН ТУЛ ТАЙРЧЭЭ-
Хэргийг тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт А нь насанд хүрээгүй хохирогч Б-тэй барилдаж улмаар Б-ын дээрээс нь дарж унасны улмаас эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж, баруун элэгний эдийн няцрал үүсгэсэн байна. Хэрэг явдал болох үеэр баяр наадмын амралтын өдрүүд тохиож, тэд хамаатнуудаараа бөөндөө цугларан амарч байжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Б хуулийн байгууллагад хэрэг явдлын талаар мэдүүлэхдээ, “Манай үеэл ах манай дүүтэй барилдаж давчхаад дараа нь дахиад манай найзтай барилдаж унагасан. Тэгээд дараагийнх нь гэж намайг дуудсан. Тэгээд би үеэл ахыг унагачихсан юм. Тэгтэл ээжийн талын хүргэн ах намайг “За тэгвэл хоёулаа нэг үзчихье” гээд барилдсан. Тэгтэл ахын хамарнаас цус гараад түр болиод дахиад барилдсан. Тэгээд би нуруугаараа унасан байтал ах дахиад дээрээс дараад байсан. Үүнээс болоод босож чадахгүй бараг нэг цаг шахуу хэвтсэн” гэсэн утгатай зүйлийг мэдүүлжээ.
Мөн хэргийн гэрч байж болзошгүй иргэн, “Хэрэг гарсан өдөр 11:00 цагийн орчимд хүүхдүүд хоорондоо барилдаж байсан. Гэтэл Б мэх хийх явцдаа А-ын доор орж унахад А дээрээс нь унасан. Тэгээд Б дээр очтол амьсгаа авч чадахгүй байна гээд ёолоод байсан. Эхэндээ бид ингэж хүнд бэртсэн гэж огт бодоогүй зүгээр орхичихсон юм. “Нойтон газар удаан хэвтвэл хатгаа авна шүү бос” л гэж хэлсэн гэх утгатай зүйлийг ярьжээ.
-А-Д ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖ, ҮНДЭСНИЙ БӨХӨӨР БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСЖЭЭ-
Ингээд шүүхээс А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэн харгалзах ял оноож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Мөн А-ын холбогдсон хэрэг нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн “18-аас дээш насны хүнтэй барилдах, унасан бөхийн дээрээс дарахгүй байх” зэрэг заалтуудыг зөрчсөн тул түүний бусадтай барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна.
Иймд иргэд баяр наадмын өдрүүдэд бие биенээ бэртээж гэмтээх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.