Ерөнхий сайд асан С.Баяр нарын үзэл санааны хоригдол гэгдээд буй улс төрчид хорих ангиас суллагдаад байна. Харин Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар хорих ангид ял эдэлж байна.
Тодруулбал, М.Энхсайхан 4 жилийн хорих ял сонссон. Иймд тэрээр хүмүүжсэн гээд магадланд орох хугацаа нь болоогүй гэсэн үг. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “уучлал үзүүлье, өргөдлөө бичээд өг” гэсэн саналаас тэр татгалзсан байж болзошгүй гэж буй. Учир нь ингэсэн тохиолдолд гэмээ ухаарсан болж, гэмт хэрэг хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн болно гэсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичиг илгээжээ.
Тус албан бичигт, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай, бодитой ханадаггүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд “хонгил”-ын шүүгчид хэмээн яригдах болжээ” хэмжээ. Мөн тус албан бичигт, “коронавируст халдварын цар тахал өндөр настай, дархлаа султай иргэдэд илүү хүндээр тусаж байна” гэж тодотгожээ. Учир нь М.Энхсайхан нь өдгөө 66 настай нэгэн ажээ.