Энэ сарын 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амь насанд хүрч улмаар гэмт этгээд оргон зайлсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа "Манай суманд хүн амины хэрэг гарсан нь үнэн. Хэрэг явдал өнгөрөгч шөнийн 00.30-2.00 цагийн хооронд болсон. Одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр рүү зугтсан гэсэн мэдээлэл байгаа. Сумын Засаг даргын захирамжаар сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан эрэн хайх багийг томилсон. Мөн аймгийн Цагдаагийн газраас нэмэлт бүрэлдэхүүн ажиллаж байна" гэсэн юм.
Тэгвэл гэмт этгээд өөрийгөө буудаж 20 метрийн өндөр хадан дээр унасанбайдалтай олдсон талаар ОБЕГ-аас мэдээлжээ.
Тус мэдээлэлд, “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Цагаан булангийн хясаа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 60 метрийн өндөр хадан хясаан дээрээс 1 хүн өөрийгөө буудаж 20 метрийн өндөр хадан дээр унасан бөгөөд цогцсыг буулгаж өгөх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас 07.08-ны өдрийн 08:09 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 80 км зам туулан 12:00 цагт очиход тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн О /29 настай, эрэгтэй/ нь гэмт хэрэгт холбогдож Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ хадан хясаан дээр гарч өөрийгөө буудан нас барсан тул цогцсыг 20 метр өндөр хаднаас буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн” гэжээ