Ерөнхий сайд асан С.Баяр нарын үзэл санааны хоригдол гэгдээд буй улс төрчид хорих ангиас суллагдаад байна. Харин Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар хорих ангид ял эдэлж байна.
Тодруулбал, С.Баярцогт 4 жил 8 сарын хорих ял сонссон бол, М.Энхсайхан 4 жилийн хорих ял сонссон. Иймд тэд хүмүүжсэн гээд магадланд орох хугацаа нь болоогүй гэсэн үг. Мөн тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “уучлал үзүүлье, өргөдлөө бичээд өг” гэсэн саналаас татгалзсан байж болзошгүй гэж буй.
Учир нь ингэсэн тохиолдолд гэмээ ухаарсан болж, гэмт хэрэг хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн болно гэсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Харин тэдний өргөдлийг нь авахгүйгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “өөрийн санаачлагаараа уучлал үзүүлэх” шийдэл байгаа аж. Учир нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа буухдаа, “ Гэм зэмгүй хүнийг хууль шүүхээр шоронд хийдэг, гэсгээдэг, сонгуулийн өрсөлдөгчийг хууль хүчний байгууллага ашиглан улс төрийн зорилгоор намнадаг, улс төрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж таарахгүй” гэж мэдэгдсэн. Иймд түүнийг Ц.Баярцогт, М.Энхсайхан нарт өөрийн санаачлагаараа уучлал үзүүлж магадгүй гэж зарим хуульчид үзэж байгаа ажээ. Нөгөөтэй тэдэнд “цагаатгах” гэсэн хувилбар байгаа аж. Гэхдээ улс төрийн өнцгөөс нь харвал цагаатгах магадал бага гэсэн таамаглал дуулдаж байгаа ажээ.
-С.БАЯРЦОГТ МАГАДЛАНД ОРОХ МАГАДЛАЛ БАЙГАА БОЛ, М.ЭНХСАЙХАНД БАЙХГҮЙ-
Мөн Да.Ганболд, Б.Бямбасайхан нар цагаатгуулах гомдол гаргаад буй. Тэдний гомдлыг хэлэлцэх шүүх хурал баяр наадмын дараа товлогдоод байгаа аж. Энэ хурлын үеэр С.Баярцогтын ялыг багасгаж магадгүй, ингэсэн тохиолдолд тэрээр магадлангаар суллагдах болмож нээгдэх ажээ. Харин өдгөө хорих ангид эдэлж буй 66 настай М.Энхсайханы эрүүл мэндэд нь түүнийг гэр бүлийн гишүүд нь ихээхэн санаа зовинож байгаа ажээ.
Учир нь М.Энхсайхан Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгсөн юм. М.Энхсайханыг хохирол учруулсан гэх 55 сая төгрөгийг улсад төлбөл түүнд оноосон хорих ялыг 2 жил болгон бууруулах санал тавьсан ч тэрээр “би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Иймд тус мөнгийг төлөхгүй. Хэрэв төлбөл би гэмт хэрэг хийсэн болно” хэмээгээд татгалзсан гэж буй юм.