Зам тээврийн ослоос болж ТАВАН сартай нярай эндэж, жолооч нь амиа хорложээ

Зам тээврийн ослоос болж ТАВАН сартай нярай эндэж, жолооч нь амиа хорложээ

Уржигдар /2021.07.06/ 18:00 цагийн орчимд  Дорноговь аймгийн Хатанбулаг суманд  “УАЗ Фургон” маркийн авто машин онхолдож, зорчиж явсан таван сартай нярай эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Уг автомашины жолооч Г нь талийгаач таван сартай Б-ийн хамаатан байсан бөгөөд нярайг нас барсанд өөрийгөө буруутган гэмшлээс болж амиа хорлосон байж болзошгүй байна.

Энэ талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Дэд хурандаа У.Намхайбуд хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Ослын талаар дуудлага мэдээлэл өчигдөр 18:00 цагт ирсэн. Дорноговь аймгаас 270 километрт орших Хатанбулаг суманд тус зам тээврийн осол гарсан. Урьдчилсан байдлаар "Тээврийн хэрэгсэл замын ховилд орсноор осолдсон байж болзошгүй" гэдэг дүгнэлт гарсан. Осолд өртсөн жолооч өнөөдөр өглөө нас барсан гэдэг нь үнэн. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

Жолооч Г нь тус аймгийн Хатанбулаг сум болоод Сайншанд сумын хооронд зорчигч тээвэрлэдэг шуудангийн жолооч байсан ба уг осол болохоос сар гарангийн өмнө мөн автомашины осолд орж байжээ.

Харин энэ сүүлийн ослын шалтгааныг жолооч Г-ийн тээврийн хэрэгсэл замын ховилд орсноор осолдсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд иргэд хол замд явахдаа анхаарал болгоомжоо алдахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна.