ТОДРУУЛГА: Барилгын сэндвич хийсч, цахилгааны гэмтэл үүсгэсэн байна

ТОДРУУЛГА: Барилгын сэндвич хийсч, цахилгааны гэмтэл үүсгэсэн байна

Өчигдөр /2021.07.07/ 15:00 цагийн орчимд Улаанбаатар хотын ихэнх хэсэг зарим аймгуудад тодорхой бус шалтгааны улмаас цахилгаан олон цагийн турш тасарсан.

Бид энэ талаар өчигдөр албаны эх сурвалжаас тодруулахад, “Цахилгаан станцуудад гэмтэл гараагүй, цахилгаан дамжуулах шугамд саатал гараад байна” гэмтлийг тогтоохоор ажиллаж байна гэсэн юм.

Тэгвэл гэмтлийн шалтгаан тодорхой болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан тасарчээ.

Учир нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нэгэн хувийн хэвшлийн барьж буй барилгын дээврийн материал салхинд хийсч, цахилгааны дамжуулах шугам дээр буусан нь гэмтэл гарах шалтгаан болсон байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.