Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт байрлах Замын-Үүд боомтод очиж ажиллан, “тус боомтын нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайдыг очихоос өмнө тагнуул, АТГ-ын алба хаагчид Замын-Үүдийн боомтод очиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байжээ.
Тус ажиллагаагаар “БНХАУ-ын Эрээн хотоос Монголын улсын хил рүү ачаа, бараа оруулдаг компани, хил, гаалийн нэр бүхий албан тушаалтнуудын хооронд авлига өгч, авалцдаг байж болзошгүй. Улмаар үүнээс үүдэж хил дээрх ачаа тээврийн хөдөлгөөн гацдаг, удааширдаг, үнэ өсөж буй байдлыг илрүүлсэн” гэж эх сурвалж мэдээллээ.
Ингээд өчигдөр /2021.07.06/ төрийн байгууллагын нэр бүхий зарим дарга нар Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, саатуулсан байна.
Мөн өчигдөр тус боомтод ажилладаг байцаагч болон төрийн зарим алба хаагчдын албан тасалгаа, автомашин, гэр оронд нь прокурорын зөвшөөрөлтэй үзлэг, нэгжлийг өргөн хүрээнд хийжээ. Энэ үеэр зарим байцаагч нар автомашинаа хувийн хэвшлийн гараашид нуусан байна. Харин энэ бүх хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллагын алба хаагчид илрүүлж, автомашинаа нуусан байсан хувийн хэвшлийн гараашуудыг ч олж тогтоон, нэгжлэг хийсэн байна. Энэ талаар Замын-Үүд суманд амьдардаг эх сурвалж, “Манай боомтод бөөн нэгжлэг болж байна” гэсэн юм.