Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начих Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын шалгуулж байна.
Харин Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг биеийн байдал тийм ч сайн биш байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа “Долоодугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начинаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начиныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон 3 хүүхдийг нь Солонгос улс руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ. Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” хэмээжээ.