ШУУРХАЙ МЭДЭЭ: Бригадын генерал С.Ганбатыг баривчилж, 500 мянган ам.доллар хураан авчээ

2021-07-07 11:19

Бригадын генерал С.Ганбатыг зэвсгийн наймаатай холбогдуулж, баривчилсан уу

Өнгөрөгч шөнө Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, гэрт нь нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалж бидэнд мэдээлсэн.

Харин түүний гэрт нэгжлэг хийх үеэр 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох зарим материал, тагнаж чагнах зориулалт төхөөрөмжүүд олдсон гэх мэдээлэл байгаа юм.

Мөн тэрээр “Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглаж, бусдыг шантаажилдаг байж болзошгүй” гэж зарим эх сурвалжууд онцолж байгаа юм. Тэгвэл С.Ганбатыг конторвант буюу зэвсгийн хууль бус наймаатай холбогдуулан шалгаж байж болзошгүй, улмаар түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өнгөрөгч шөнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

2021-07-07 08:05

ШУУРХАЙ МЭДЭЭ: Бригадын генерал С.Ганбатыг баривчилж, 500 мянган ам.доллар хураан авчээ

Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан.

Харин өчигдөр /2021.07.06/ АТГ, Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг тус боомтод ажиллаж, Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайхан нарын зургаан хүнийг саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч шөнө Дотоодын цэргийн штабын дарга,Бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, гэрт нь нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ.

Түүнийг Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой маш ноцтой асуудлаар баривчилсан байж болзошгүй байна.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат нь өнгөрөгч тавдугаар сарын 03 -ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарилгаар “Бригадын генерал” цол хүртсэн юм. Мөн түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэдэг бөгөөд “Нэг Монгол” нэгдэлд Баянхонгор аймгийнх гэдэг утгаараа идэвхтэй оролцдог талаар зарим эх сурвалж мэдээлжээ.