Ерөнхий сайд асан С.Баярыг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох тухай 439 дүгээр хаалттай хорих ангийн санал, прокурорын дүгнэлттэй материалыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авч өчигдөр /2021.07.05/ хэлэлцсэн байна.
Улмаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай хуулийн шаардлага хангасан гэж үзэж хоригдол С.Баярыг нэг жил 2 сар 20 хоногийн ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаанд хяналт тогтоож Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад хүлээлгэн өгсөн байна.
Сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 04-нд Нийслэлийн Эрүүгийн хэгийн давж заалдах шатны шүүхээс С.Баяр, Ч.Давааням нарт оноосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал, С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг 2,6 жил болгосон бол, Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон өөрчилсөн юм. Ингэхдээ С.Баяраас 5.5 тэрбум, Ч.Даваанямаас 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Харин энэ хугацаанд “Петровис”-ийн Ч.Даваанямын бие муудаж, яаралтай түргэн тусламжаар сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж байсан гэдэг.
Учир нь тэрээр хорт хавдартай бөгөөд, ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр хорих ангид, чийгтэй орчинд хоригдож байгаа нь өвчин хүндрэх нөхцөл бүрдсэн. Мөн түүний бизнесийн хамтрагч “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл таалал төгссөн нь түүний сэтгэл зүйд их нөлөөлсөн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тэгвэл Ч.Давааням давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараа Герман /ХБНГУ/-ыг зорьсон. Одоо тус улсад эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байна. Мөн С.Баяр хоригдох хугацаандаа багийн найз Ч.Даваанямынхаа эрүүл мэндэд ихэд санаа зовниж буйгаа дотнын хүмүүстээ ярьж байсан гэдэг. Тэгвэл тэрээр өчигдөр хорих ангиас суллагдлаа.