Өнгөрөгч Бямба гараг /2021.07.03/-т коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р нийслэлийн Энэрэл эмнэлгээс тусламж хүсэж ирэхэд нь түүнд “хороо чинь биш байна” гэснээр тэрээр анхан шатны тусламж ч авч чадалгүй тус газрын гадна амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан.
-ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХИЙГ НЬ ЭДЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ-
Харин тус хэрэг явдлаас үүдэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийж, “эмнэлгийн зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна” гэж мэдэгдсэн. Мөн тэрээр энэ үеэрээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй, Энэрэл эмнэлгийн хашаанд амиа алдсан иргэн Р-г “Ажиллаж амьдардаг өрөөний нөхцөл маш тааруу. Орон сууцны зоорын давхарт байдаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан” гэж мэдэгдсэн нь олон иргэдийн шүүмжлэлд өртөөд байна.
Учир нь Р-д анхан шатны тусламж үзүүлж чадаагүй алдаагаа нуух гэж түүнийг архичин байсан мэтээр цоллож, хүний эрхийн ноцтой зөрчил гаргалаа гэж буй юм. Мөн Үндсэн хуулийн 16-д “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
Үүнд:
- 16.1 Амьд явах эрхтэй
- 16.6 Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.
Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж чадаагүй иргэнээ архи уудаг, тааруу орчинд амьдардаг нэгэн байсан нь амиа алдах нэг шалтгаан болсон мэтээр тайлбар буй Нийслэлийг эрүүл мэндийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь огцруулахыг иргэд шаардаж эхлээд байна.
-ӨРГӨСӨН ТАНГАРГАА ЗӨРЧСӨН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, С.ЭНХБОЛД НАРЫГ ОГЦРУУЛНА-
Мөн иргэний амьд явах эрхийг нь эдлүүлж чадаагүй бурууг дунд шатны албан тушаалтнуудад үүрүүлээд өнгөрөх нь буруу. Учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус албан тушаалд томилогдохдоо, “Монгол улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн хууль биелүүлэх ажлыг төр ард түмэн, Монгол улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг болсон. Иймд дээрх тангаргаа зөрчсөн Л.Оюун-Эрдэнэ, С.Энхболд нар огцрох нь хэрэгтэй гэж иргэд шаардаж эхлээд байна.
Коронавирусийн халдварын улмаас олон иргэн амиа алдаж буй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар албан тушаалаасаа огцрох нь ЗӨВ ҮҮ
Нийт: 166 саналтай