СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амь хохирогч “Гэр бүлийн маргаантай байсан тухайгаа” гэрээслэлдээ үлдээсэн байж

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амь хохирогч “Гэр бүлийн маргаантай байсан тухайгаа” гэрээслэлдээ үлдээсэн байж

Коронавирус цар тахлаас сэргийлэхийн тулд хөл хорио тогтоож бүх шатны сургууль болон зарим салбарын үйл ажиллагаа зогссоны улмаас хүүхдүүд төөрч алга болох, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт нэмэгдэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж, сэрэмжлүүлж буй.

Тухайлбал, 2021 он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 16 настай Т хүү амиа хорлосон байдалтай олдсон бол, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоох үеэр “Элизабет” хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас өндрөөс унаж амиа алдсан. Мөн Сэлэнгэ аймагт Л гэр бүлийн маргааны улмаас “гэрээслэл” үлдээгээд өөрийгөө боомилж амиа хорлосон зэрэг хэргүүд сүүлийн саруудад их гарч байна.

-НАМАЙГ ХАЙРЛАХ ААВ, ЭЭЖ, ХАНЬ АЛГА ГЭЖ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ БИЧЖЭЭ-

Тэгвэл Хөвсгөл аймагт нэгэн иргэн гэр бүлийн маргааны улмаас гэрээслэл бичиж амиа хорлосон байж болзошгүй хэрэг саяхан дахин гарсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дугаар баг ... тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн сарын 30-ны өдөр /2021.06.30/ цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Дуудлага, мэдээллийн дагуу хэргийг шалгахад тус тоотод амьдардаг 31 настай эмэгтэй Х байшингийн шатны модон бариулаас шар өнгийн дурдан бүсээр боомилж нас барсан байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтуудыг хураан авсны дотор дэвтрийн нэг хуудас цаасанд бичсэн гэрээслэлийг олжээ. Гэрээслэлд талийгаач гэр бүлийн маргаантай байсан тухайгаа бичээд “Намайг хайрлах аав, ээж, хань алга. Үхэж хөөгдөх юм байна” гэж бичжээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.  

-ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ БЭЛТГЭХ ШААРДЛАГА БАЙНА-

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдээс гадна насанд хүрсэн хүмүүс ч амиа хорлох хэрэг олноор гарах болсон. Тэр дундаа 2019-2020 оны хооронд гарсан амиа хорлох гэмт хэргийн ихэнх нь гэр бүл салалт, хардалтаас үүдэлтэй байх магадлалтай байгаа бол, цөөнгүй хувийг нь бүтэлгүй хайр дурлал, өр зээлээ төлж дийлэхгүй байх, ажлаасаа халагдсаны улмаас байх магадлалтай байгаа аж. Энэ бол амиа хорлосон хэргийн шалтгааны эхний дүгнэлт.

Тиймээс энэ тоог нэмэхгүй байх энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим ажиллуулж, үндэсний хэмжээнд сэтгэл зүйчдийг яаралтай бэлтгэж, төлөвшүүлэх шаардлага байна гэж цагдаа болон хуулийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж, сануулсаар байна. Мөн гэр бүлийн хүрээнд хүүхэдтэйгээ ойлголцох, ярилцах, сэтгэл зүйн гутралыг давж туулахад хамт байх, дэмжих үйлдлийг хийх хэрэгтэй талаар сэтгэл зүйчид зөвлөдөг. Мөн хайртай дотны хүндээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг та бүхэндээ анхааруулж байна.

ЖИЧ: Манай сайт иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн ойр дотнын хүмүүстээ тавих анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлэхийг сануулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.