УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдсон. Тиймээс түүнийг шалгуулахаар "Ме Too" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөн УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг хөндөж хариуцлагыг нэхэх үйл ажиллагааг явуулсан билээ.
-Ц.АНАНДБАЗАР 20 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН -
Дээрхээс гадна сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар "Ц.Анандбазарын үйлдсэн хүчирхийллийн хэрэг" нэртэй цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн бөгөөд энэ дагуу цагдаагийн газраас нэвтрүүлэгт гарсан үйл явдлыг шалгаж буй юм. Гомдлын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэл нээж, ажлын алба гарган мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд гэрч болон хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Энэ дагуу Ц.Анандбазар хорь хоногийн өмнө мэдүүлэг өгсөн.
Мөн хэрэгт оролцогч нараас бүгдээс нь мэдүүлэг авч дуусчээ. Хэрэг бүртгэлтийн явцад Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн нөхцөл байдал, шалгалтын явцын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас ихэд нууцалж буй бололтой. Тус хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн 12-д заасны дагуу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамруулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Мөн ХЭҮК болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс Ц.Анандбазарын ёс зүйн асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх чиглэл, зөвлөмж өгсөн билээ. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний ахалдаг байнгын хороо Ц.Анандбазарын гэм буруутай нь хуулийн байгууллагаар тогтоогдоогүй хэмээх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзсан. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлбөл жирийн иргэдийн адил хуулийн байгууллагад шалгуулах нөхцөл үүсэх юм.