Иргэн Г.Ган-Очир ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүүг АТГ-д өгчээ

Иргэн Г.Ган-Очир ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүүг АТГ-д өгчээ

Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр АН-аас мэдээлэл хийх үеэр, иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийсэн байдаг. Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай” гэж мэдэгдсэн юм. 

Харин тус мэдээллийн дараа цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Мөн энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, “Иргэн Г.Ган-Очирыг цахим орчинд хуурамч мэдээлэл түгээсэн, залилан хийсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа” гэж мэдэгдсэн.

Тэгвэл иргэн Г.Ган-Очир Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүг шалгуулахаар АТГ, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргажээ.

Тэрээр энэ тухайгаа “Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү-г АТГ, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж өглөө. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх заалтад  ...”Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно “гэж хуульчилсан байтал удаа дараа намайг гэмт хэрэгтэн гэж илт худал мэдээлэл түгээж байгаа Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү-г Эрүүгийн хуулийн  13.14 дүгээр зүйлийн 13.14.1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг  олон нийтэд тараасан гэж үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах. Энэ үйлдэл нь  сонгуулийн үйл ажиллагаанд хэт нэг талд үйлчилсэн, хүн, хуулийн этгээдийн нэр төрд халдаж,  харлуулах гутаах зорилго давхар агуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйлээр Авилгатай тэмцэх газарт хандлаа. Намайг алчихдаггүй л юм бол би энэ хууль бус төрийн эсрэг тэмцэнэ” хэмээжээ.