ЯЛТАН Д: Эхнэртэйгээ хамт пиво ууж маргалдаад, айлгах гэж байгаад амийг хөнөөчихлөө

ЯЛТАН Д: Эхнэртэйгээ хамт пиво ууж маргалдаад, айлгах гэж байгаад амийг хөнөөчихлөө

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний /2021.01.21/ өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... дугаар тоотод Д нь эхнэр Ж-ээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, багалзуурдаж амьсгалыг нь бүтээж, амь насыг нь онц ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.

Тэгвэл уг хэрэг энэ оны дөрөвдүгээр сард /2021.04.13/ анхан шатны шүүхээр шийдэгдэж, хохирогчийн нөхөр буюу Д-г гэм буруутайд тооцон 17 жилийн хорих ял оноосон байна. Иймд бид иргэдийг гэр бүлийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхийг анхааруулах үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

-ГЭРТЭЭ ПИВО УУЖ ЗАРИМ ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС БОЛЖ МАРГАЛДАЖ НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ-

Хэрэг гарсан өдөр /2021.01.21/ Д нь эхнэр Ж-тэйгээ хүнсээ цуглуулж ирээд, гэртээ амарч, гэрээ цэвэрлэжээ. Тэд бага насны нэг хүүхэдтэй бөгөөд хүүхдээ унтаж байх зуур пиво ууцгаасан байна. Урьд нь тэд хэд, хэдэн удаа амралтын өдрүүдийг тааруулж, зурагт үзэнгээ пиво ууж өнгөрөөдөг байж.

Харин тухайн өдөр тэд тус бүр 2-3 пиво авч уусан ба сүүлийн пивоо ууж эхлэх үедээ муудалцаж эхэлжээ.

Уг шалтгаан нь Д-ийн өмнөх гэр бүл зохиож байсан асуудал болон хохирогч Ж-ын аав, ээжийн Д-тэй харилцдаг харилцаанаас болсон байна. Маргаан ширүүсэж улмаар гар зөрүүлж эхэлсэн ба Д нь эхнэр Ж-ээ айлгах зорилготой хэд хэд цохиж газар унаган, дээр нь суугаад хоолойг нь багалзуурдсан байна. Ингээд тэрээр эхнэр Ж-ээ ухаан алдчихлаа гэж боджээ. Дараа нь тэрээр эхнэрээ сэрээх гэж оролдоход нүүр нь хөөчихсөн байжээ. Ингээд түүнийг өөд болсныг нь мэдсэн аж.

-ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ ШАТАЖ, УГААРТАЖ ҮХЭХ ГЭЖ ОРОЛДСОН-

Д энэ үед “эхнэртэйгээ цугтаа шатаад үхчихье гэсэн бодол төрсөн. Харин хүүхдээ хараад чадаагүй” гэж хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ дурдсан талаар эх сурвалж мэдээллээ. Харин Д нь бага насны хүүхдээ аваад ойролцоо байх дэлгүүрт орж, худалдагчид хүүхдээ өгөөд, “Эхнэр амиа хорлочихлоо, гэрт гал гараад байна”  хэмээн орилоод гэрлүүгээ гүйчихсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Харин тэрээр гэртээ буцаж ирээд эхнэртэйгээ хамт угаартаж үхэх зорилгоор гал тавьжээ. Харин хуулийн байгууллагад мэдүүлэхдээ тэрээр, “Гал асаах болсон шалтгаан нь эхнэртэйгээ цуг угаартах гэж байсан юм. Тэрнээс өөр ямар нэгэн санаа бодол байхгүй” гэж мэдүүлжээ. Тэр үед гал гарсан дуудлагын дагуу онцгой байдал болон цагдаагийн алба хаагчид ирж Д-г баривчилсан байна. Сэтгэц эмгэгийн судлалын дүгнэлтэд хэрэгтэн Д нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэргийн улмаас ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл байхгүй гэж дүгнэсэн тул шүүхээс Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасны дагуу 17 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэжээ.

Мөн шүүхээс хэрэгтэн, хохирогчийн бага насны охин Н-г асрамжийг гэр бүлийн тухай хуулийн 25.10-д заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

ЖИЧ: Иймд ард иргэд та бүхэн гэр бүлийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, гэр бүлийн боловсролыг сайжруулахыг бид анхааруулж байна.