Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх өдөр /2021.06.24/-ийн үдээс хойш зарлиг гаргаж,13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан байгаа юм. Тодруулбал, 13 хүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нарын хүмүүс багтсан гэж мэдээлж буй юм.
Тэгвэл тэрээр ЗТХЯ-ны газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс 13 жилийн хорих ял авсан Б.Махбалыг ялаас 2 жил, хар тамхины хэргээр ял эдэлж байгаа “Шар Энхээ” хочит Э.Энхбатын эдлэх ёстой ялаас 2.5 жилийг өршөөсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, “Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан Э.Энхбатын Хан-Уул дүүргийн нутагт байх “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нар 2019 оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй тэднийг баривчлах үед тэд эсэргүүцэж, автомашинаараа цагдаагийн ажилтныг мөргөн зугтаасан гэдэг. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял оноосон гэх мэдээлэл бий.