ФОТО: У.Хүрэлсүх, Ардын хувьсгалын 100 жилийн ойд жагсах “3200 цэргийн парад”-ыг цуцалж байна гэж мэдэгдэв

ФОТО: У.Хүрэлсүх, Ардын хувьсгалын 100 жилийн ойд жагсах “3200 цэргийн парад”-ыг цуцалж байна гэж мэдэгдэв

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбайд цэргийн дүрэмт хувцас өмссөн 3000 гаруй залуус өдөр, шөнөгүй “жагсаалын бэлтгэл” хийж байгаа талаар бид фото сурвалжилга бэлтгэж мэдээлсэн.

Учир нь албаны эх сурвалж, “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа болох Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа” гэж буй юм. 

Мөн Зэвсэгт хүчний “Соёмбо” сонинд, “Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох “Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно. Мөн морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж байна. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна” гэж мэдээлсэн байдаг.

Харин цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед Засгийн газар, УОК-ын шийдвэрийг зөрчиж, олон зуун алба хаагчдын бөөгнөрөл үүсгэх нь буруу, халдвар алдагдана гэж буй юм.

Зарим эх сурвалж, “У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын парадын бэлтгэл хийж байгаа цэргүүдийг Тэмүүжин өрлөг сургуульд байрлуулж байгаа ажээ. Гэтэл байрлаж бэлтгэл хийж байсан цэргүүд дундаа Ковид алдаж өнөөдөр нэг цэргээс илэрчээ” хэмээн мэдээлж буй.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй У.Хүрэлсүх тус цэргийн парадыг цуцлах чиглэлийн зохих төрийн байгууллагуудад өгсөн гэж буй. Иймд Зэвсэгт хүчний жанжин штабаас дараах мэдэгдлийг гаргажээ.

-МЭДЭГДЭЛ-

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье.

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА