“Хуурамч шатахууны түүхий эдэд татвар оноох” Б.Пүрэвдоржийн хуулийг хэлэлцэхээр болжээ

“Хуурамч шатахууны түүхий эдэд татвар оноох” Б.Пүрэвдоржийн хуулийг хэлэлцэхээр болжээ

Өчигдөр /2021.0618/ хуралдсан УИХ-ын чуулганы үеэр Б.Пүрэвдорж гишүүн, “Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихжээ. Эд "МАН-д амаар нь гартал хандив өгчихсөн. Алтан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлига өгчихсөн" гэж ярьдаг. Хэрээс хэтэрч байна.

Хятадын хил дээр 6000 мянган чингэлэг гацсан байна. Гэтэл авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна.

Тэнд 6000 вагон нам гацсан байхад тэд 50, 50-иар нь оруулж ирж байна шүү дээ. Тэр хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэрвээ би энэ хуулийг хэлэлцэхгүй бол жагсана" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл түүний энэхүү хүсэлтиийг УИХ-ын дарга Г.Занданшатарын дэргэдэх зөвлөл хүлээн авчээ. Тодруулбал, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо Б.Пүрэвдорж гишүүний өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.