ТОДРУУЛГА: Улс, аймаг, сумдын наадмыг хойшлуулж НАЙМ, ЕСДҮГЭЭР сард хийх саналыг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ

ТОДРУУЛГА: Улс, аймаг, сумдын наадмыг хойшлуулж НАЙМ, ЕСДҮГЭЭР сард хийх саналыг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ

Засгийн газрын лхагва /2021.06.16/ гаригийн хуралдаанаар энэ жилийн наадмыг "цахим"-аар хийх саналыг дэмжиж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн. Цахимаар хийхээс гадна бүр цуцалж болох эсэхийг судалж үзэх үүргийг мөн өгсөн гэх мэдээлэл бий.

Харин Засгийн газраас гаргасан энэхүү саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. 

Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр /2021.06.19/ хуралдаж магадгүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө. 

Өчигдөр /2021.06.19/ морь, сур, бөхийн холбооны тэргүүн нар мэдээлэл хийж наадмыг хойшлуулж өгөхийг хүссэн. Учир нь аймаг, сумдын наадам цуцлагдсанаар хөдөө, орон нутгийн уяач, бөх, харваачид Улаанбаатарт ирж улсын наадамд оролцоно гэж байгаа аж. Ингэснээр тэдэнд морио тээвэрлэхээс эхлээд зардал чирэгдлийн хүндрэл учрах бол Улаанбаатарт ирж бөөгнөрөн эрсдэлд орохоор байгаа гэсэн юм. 

Дээрх холбоод аймаг, сумдын уяач, бөх, харваачдын төлөөллийн санал хүсэлтийг Шадар сайд С.Амарсайханд гардуулсан байдаг. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан тэдний саналыг хүлээн авч наадмыг цахимаар хийлгүй найм, есдүгээр сар хүртэл хойшлуулж халдварын тоо буурсан үед хийхээр тогтож буй бололтой. Тодруулбал, улс, аймаг, сумдын наадмыг цахимаар хийлгүйгээр халдвар буурсан үед нь буюу намар хийчих боломжтой гэж үзэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Иймд өнөөдөр /2021.06.19/-ийн хуралдаанаас ямар шийдвэр гарах нь анхаарал татаж байна. Бид хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.