Зохиолч С.Төмөр: Цагдаа нарын шаардлагыг биелүүлэн явах гэтэл намайг журамлана хэмээн хүч хэрэглэсэн

Зохиолч С.Төмөр: Цагдаа нарын шаардлагыг биелүүлэн явах гэтэл намайг журамлана хэмээн хүч хэрэглэсэн

Энэ зургадугаар сарын 11,12, 13-ны өдрүүдэд Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан билээ. Тэгвэл уг номын баярт цөөн тооны ном зарах гэж байсан зохиолчийг цагдаагийн алба хаагчид албадан холдуулж байна гэх тайлбартай зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар өнөөдөр /2021.06.17/ иргэн С.Төмөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэхдээ, “Би номын баяр зохион байгуулагдах өдөр буюу зургадугаар сарын 11-ны өдөр “Номын ертөнц” төрийн бус байгууллагатай холбогдон Сүхбаатарын талбайд номоо худалдаалах зорилгоор саравч түрээслэх талаар холбогдоход “Бүх саравч дүүрсэн” гэсэн учраас номын баяр болсон эхний хоёр өдөр төв талбайг зорин очиж сонирхож үзсэн. Очиход номын үзэсгэлэн болж байсан саравчнуудаас гадна талбай дээр энгийн иргэд хайрцаг дээр номоо тавин сандалтайгаа сууж байсныг хараад номын баяр болох сүүлийн өдөр буюу 13-ны орой 18:00 цагт гурван номоо авч очсон. Үзэсгэлэн дуусах тийшээ хандаж байсан болохоор нэг хүнгүй саравчинд очоод хайрцгаа тавин гурван номоо зарах гэтэл хоёр охин ирээд намайг тэндээс явахыг шаардсан учраас би өөр газар сайн дураар ном зарж байсан хүмүүсийн хажууд сандал хайрцгаа аваад суутал нөгөө намайг хөөсөн хоёр охин хоёр цагдааг дагуулж ирэн намайг “Энд зөвшөөрөлгүй ном зарж болохгүй, таныг журамлана” гэсэн учраас шалтгаанаа хэлээд шаардлагыг биелүүлж тэндээс явах гэсэн ч намайг явуулахгүй журамлана гээд байсан.

Иймд маргаан үүсэж миний цамцыг уран газар унагаж толгой хавирга руу хүчтэй цохисон.

Нийгмийн сүлжээгээр намайг согтуу байсан гэсэн байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар архи тамхи хэрэглэж чаддаггүй хүн. Тэнд зөндөө олон сайн дураар ном зарж байсан хүмүүс байхад яагаад надад зөвхөн шаардлага тавьсныг ойлгохгүй байна”  гэсэн юм.