Эрүүл мэндээ хамгаалсан иргэн Д.Сумъяабазарын захирамжийг зөрчсөн гэж Замын цагдаад торгуулж байна

Эрүүл мэндээ хамгаалсан иргэн Д.Сумъяабазарын захирамжийг зөрчсөн гэж Замын цагдаад торгуулж байна

Үндсэн хуулийн 16.1-д “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй”, 16.2-д “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Үндсэн хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ИРГЭДИЙН АМЬД ЯВАХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ НЬ ЗӨРЧСӨН ЖУРМЫГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨРДҮҮЛСЭЭР БАЙХ УУ-

Гэтэл коронавирус цар тахлын энэ үед Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын 2020 оны наймдугаар сард гаргасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам” нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг энэ цаг үед ноцтой зөрчиж байж болзошгүй байна. Учир нь Д.Сумъяабазарын журмын 2.1 -д Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Үүнд:

  • 1.1.Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;
  • 1.2.Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;
  • 1.3.Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;
  • 1.4.Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;
  • 1.5.Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн;

гэсэн байдаг. Журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гэтэл коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо нийслэлд өдөрт 1 мянга гаруй бүртгэгдэж, энэ хэрээр иргэдийн нас баралт нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд автомашинтай яваа иргэдийг замын цагдаагийн алба хаагч зогсоож, “дугаарын хязгаарлалтай үед тээврийн хэрэгсэл жолоодож, засаг даргын захирамж зөрчсөн үндэслэлээр, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оноож байгаа ажээ.Товчхондоо, энэ нь Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх гэсэн иргэнийг “нийтийн тээврээр зөрчиж, эрсдэл хүлээ” гэж хэлсэнтэй адил болоод байгаа ажээ.

Мөн цагдаагийн алба хаагч нь илт хууль зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эртхэй. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 5.5.4 -д “Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй” гэж заажээ. Харин энэ заалт цар тахлын энэ өдрүүдэд хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй байгаа юм.

-ИРГЭДИЙГ ТОРГОЖ 36 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ ОЛОХ ТӨСВИЙГ Д.СУМЪЯАБАЗАР БАТЛУУЛСАН- 

Нийслэлийн 2021 оны төсвийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьж батлуулсан. Тухайлбал, тэрээр Улаанбаатар хотын харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого нийт 811 тэрбум төгрөг байхаар тусгасан байдаг. Үүнээс 750 тэрбумыг нь Нийслэлийн татварын газар бүрдүүлэх бол, ЦЕГ-ийн Тээврийн Цагдаагийн алба 20 тэрбум, Замын хөдөлгөөний удирдлагын төв 7,5 тэрбум, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар 5,4 тэрбум,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 3,7 тэрбум төгрөгийг Нийслэлийн орлого болгон төсөвт төвлөрүүлнэ гэж тусгасан байдаг.

Улаанбаатар хотын 2021 оны төсөв

Үнэндээ, цар тахлын энэ үед иргэдийг автомашинтай явахад нь "дугаарын хязгаарлалтын журам" зөрчсөн зэрэг шалтгаанаар торгож 27 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж болзошгүй байгаа юм.  

Гэтэл, Улаанбаатар автозамын ачаалал нэмэгдсэн нь иргэд автомашин худалдан авч, хувийн хөрөнгөтэй болсны буруу биш, харин олон жил нийслэлийг удирдахдаа, ямар ч төлөвлөлтгүй, авилгын шинжтэй замбараагүй газар олгосон хотын үе үеийн удирдлагуудтай холбоотой байж болзошгүй билээ.