ЗХЖШ-ын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж доод албан тушаалтнаа дарамтлан ажлаас нь гаргахад хүргэжээ

ЗХЖШ-ын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж доод албан тушаалтнаа дарамтлан ажлаас нь гаргахад хүргэжээ

Энэ оны гуравдугаар сард ЗХЖШ-ын харьяа Хүндэт харуулын 032-р ангийн байлдагч Г.Бямбадоржийг цэргийн алба хаах хугацаанд тус ангийн ахлах ахлагч О.Батдэлгэр мөнгө авч дарамталдаг болон байлдагчийг зодсон гэх хэрэг хэвлэлүүдээр яван ард иргэдийн дунд ихээхэн бухимдлыг дагуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.06.15/ О.Батдэлгэр нь ЗХЖШ-ын удирдлагуудын буруу шийдвэрээс болоод ажлаасаа дарамт шахалтаар гарч нэр хүндээрээ хохирсон гэж түүний өмгөөлөгч хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.

Тодруулбал, Энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр 032-р ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Г.Бямбадоржийн төрсөн эгч нь ахлах ахлагч О.Батдэлгэрт хандан хоёр үндэслэлээр гомдол гаргасан байна. Түүнд “Миний дүү Г.Бямбадорж нь О.Батдэлгэр ахлагчид зодуулсны улмаас шүд цуурч, гүйлсэн булчирхай цочсон, түүнчлэн дарамталж, дансаар мөнгө авдаг байсан” гэх асуудлыг шалгуулахаар гомдол гаргажээ. Уг гомдолтой холбоотой шийдвэр эцэслэн гараагүй байхад ЗХЖШ-ын удирдлагуудын зүгээс хэл амаар доромжилж, ажлаасаа гарахыг шаардсан гэсэн ба тэрээр,

“Би ЗХЖШ-ын харъяа 032-р ангийн удирдлагуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон. Байлдагч Г.Бямбадоржийн цэргийн алба хаах хугацаандаа надад зодуулсан гэх гомдлын дагуу ЗХЖШ-аас хурандаа н.Ариунболд, н.Батжаргал нар ирж шалгасан. Хэргийн шийдвэр эцэслэн гараагүй байхад шалгалт хийсэн удирдлагууд намайг нэг хоногийн дотор ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Миний гэм буруу тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байран дээр дарамт, шахалт үзүүлсэн. Иймээс миний бие дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Г.Бямбадорж гэх залуугийн гүтгэлгээс болж ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүйд хүрч байна. Миний эхнэр ч бас ажилгүй. Надад үнэхээр хүнд байна”  гэсэн юм.

Мөн “ Байлдагч Г.Бямбадорж нь 2019 оны намар цэргийн албанд татагдан ирээд 2020 оны аравдугаар сард халагдсан. Энэ хугацаанд тус байлдагчийн ар гэрээс миний дансанд 140 мянган төгрөг орж ирсэн. Цар тахлын нөхцөл байдал үүсэн учраас цэргүүдэд ахуйн хэрэглээний зүйлс дутмаг байсан. Иймээс эргүүлд гарч байгаа ахлагч нараар дамжуулан хэрэгтэй зүйлсээ авахуулъя гэх саналыг цэргүүд ротын даргад тавьсан байсан. Гэрээс нь орж ирсэн мөнгөөр ахуйн хэрэглээний зүйлс авч өгөөд, баримтыг нь үзүүлж байсан. Мөн цэргүүдээ тогтмол эмчийн үзлэгт оруулдаг байсан. Эмчийн үзлэгээр үрэвслээс шалтгаалсан гэх онош гарсан. Гэтэл байлдагчийн ар гэрийнхэн Архангайн эмчээсээ зодуулсан гэх бичиг хийгээд өгөөч гэж гуйсан байгаа талаар мэдээлэл авсан. Мөн 2020 оны гуравдугаар сард цэргийн баяраар над руу Баярын мэнд хүргэж зурвас илгээж байсан атал хэдхэн хоногийн дараа буюу /2021.03.22/ өдөр гомдол гаргаж өгсөн” гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан тэрээр ЗХЖШ-ын дотоод бүтэц, хананы цаадах эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан дарга нарт мөн энэ хэрэгт холбогдуулан очиж шалгалт хийсэн гэх алба хаагчдыг бүгдийг нь шалгуулахаар хүний эрхийн комисст хандсан тухайгаа мэдэгдлээ.