СУРВАЛЖИЛГА: Нуурын эрэгт суусан автомашинаа ухрааж гаргах гээд зургаан хүүхэд усанд осолдож амиа алджээ

СУРВАЛЖИЛГА: Нуурын эрэгт суусан автомашинаа ухрааж гаргах гээд зургаан хүүхэд усанд осолдож амиа алджээ

Өнгөрөгч баасан гараг буюу энэ сарын 11 /2021.06.11/-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт байх “Хар нуур”-нд тус сумын ЕБС-йин 12 дугаар ангийн таван хүү, мөн 7 дугаар ангийн нэг хүү хамтдаа загасчилж яваад, нуурын усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд дээрх зургаан хүүхдэд юу тохиолдов, мөн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

-НУТГИЙН ИРГЭД “ХАР НУУР”-НД АВТОМАШИН ОРСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ МӨРИЙН АНХ ОЛЖЭЭ -

Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвөөсөө 28 км-т байдаг “Хар нуур”-наас загас барихаар найман хүүхэд нэг автомашин, нэг мотоциклоор өнгөрөгч Пүрэв гараг /2021.06.10/ -ийн өдрийн  22:00 цагт явсан байна.  Ингээд хоёр хүүхэд нь мотоциклтой Толбо суманд буцаж ирсэн бол үлдсэн зургаан хүүхэд сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Гэтэл нуурын эргээр явж байсан нутгийн хүмүүс нуур руу автомашин орсон байх магадлалтай мөрийг олж, “Хар нуур”-нд автомашин осолдсон байж болзошгүй байна” гэсэн дуудлагыг Баасан гараг /2021.06.11/-ийн өдрийн 16:10 цагт хуулийн байгууллагад өгчээ.

Ингээд дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 17:30 цагт очиж тус сумын харьяат иргэн 19 настай С, 19 настай А, 19 настай Г, 19 настай Н, 19 настай А, 13 настай Н нарыг автомашинтай нь тус нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Хар нуур”-ын эргээс 10 метрийн зайд 5 метрийн гүнд “ГАЗ-2410” загварын суудлын автомашины хамт живсэн байхыг олсон байна. Ингээд автомашиныг уснаас татан гаргахад бүхээгний хойд хаалга онгойсон байсан бөгөөд тус автомашинд зургаан хүүхдийн цогцос байжээ.

-НУУРЫН ЭРЭГТ ДУГУЙ НЬ ХИЙ ЭРГЭСЭН ТУЛ АВТОМАШИНАА УХРААЖ ГАРГАХ ГЭЭД ХӨВГҮҮД УСАНД ОСОЛДСОН УУ-

Нутгийн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Толбо сум жижиг, том гол, нуур ихтэй. Иймд иргэд загас барихаар явдаг. Хүүхдүүд тухайн үед тэгж л явсан байх. Харин “Хар нуур”-ын эргээр хүүхдүүд автомашинтайгаа явж байхад нь дугуй нь хий эргэж, шаварт сууж. Ингээд хүүхдүүд автомашинаасаа буулгүй, шууд хойш нь ухрааж, шавраас гаргах гэж байгаад нуурын усанд осолдсон байж болзошгүй ул мөр олдсон. Учир нь яг тэр хэсэгт нуурын эргээс 1 метрийн цаана усны гүн шууд 5 метр гаруй байсан” гэсэн юм. 

Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Эдгээр амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд тэднийг оруулахыг хүсээгүй. Цагдаагийн алба хаагчид хэргийн газрын зураг авсан гэсэн. Харин амиа алдсан хүүхдүүдийг өнөөдөр /2021.06.14/ хөдөөлүүлсэн байна.

Бас зарим иргэдийн ярьж буйгаар “гомдолгүй” гэж тэдний ар гэрийнхэн нь мэдэгдсэн байж болзошгүй байгаа” гэсэн юм. 

Иймд  цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байгааг мэдээлж буй бөгөөд ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байх, хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, зорчуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулж, баталгаатай зам гарцаар зорчихыг манай редакцын зүгээс онцгойлон анхааруулж байна.