Германы иргэнийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байсан, Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт ЗГ-аас нөхөн олговор олгоно

Германы иргэнийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байсан, Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт ЗГ-аас нөхөн олговор олгоно

ТЕГ-ын Сөрөн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатарыг 2013 онд  Герман улс /ХБНГУ/-ын иргэн Клойберыг хөнөөсөн, түүний эхнэрээс нь их хэмжээний мөнгө, автомашиныг авсан хэмээн сэжиглэгдэн, цагдан хоригдож байсан билээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/03183 тоот шийдвэрээр түүнийг 2013 оны зургадугаар сараас дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийсэн боловч Д.Цогтбаатар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул, түүнд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьж шалгасны улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас барагдуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн дагуу “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр арилгах үүрэгтэй” байхаар заасан байдаг байна.

Түүний эхнэр Ч.Мандах, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий прокурорт гаргасан гомдолдоо, "Д.Цогтбаатарын буруугүйг нотлох баримтууд хангалттай байхад ямар ч үндэслэлгүй хилс хэргээр цагдан хорьсон нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэхэд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна" гэсэн хүсэлтийг илгээж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байсан билээ.